Ухаалаг худаг иргэдийн ажлыг хөнгөвчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-03 21:18:48
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын 2, 3 дугаар багт 24 цагийн ажиллагаатай Ухаалаг худгууд ашиглалтад орсноор иргэдийн ажлыг ихээхэн хөнгөвчилж байна.

Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий-Ус ХХК-ийн 3 ус түгээх байранд нийт 24 сая төгрөгийн өртөгтэй ухаалаг худгийн тоног төхөөрөмжийг суурилуулан, ашиглалтад оруулаад байна.

Ухаалаг худгийн давуу тал нь иргэд цагийн хязгаарлалтгүйгээр 24 цагийн аль ч үед усаа авах боломжтой юм. Түүнчлэн технологийн хялбар шийдэл ашиглан, худгаар үйлчлүүлэхэд илүү амар болжээ. Энэ худгийг ашигласнаар бүс нутгийн усны зарцуулалт, хүн амын ундны усны хэрэглээний нэгдсэн мэдээллийн сантай болох боломжтойгоос гадна төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч хэмнэлт гарна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Усны картыг ухаалаг худаг суурилагдсан ус түгээх байрнуудад 3500 төгрөгөөр борлуулж байна. Хэнтий-Ус ХХК-ийн 2 давхрын 203 тоот өрөөний касс Ухаалаг худгийн картыг ажлын өдрүүдэд цэнэглэдэг аж.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ