“А321”-ийн сэгийг Каирт удахгүй хүргэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-10 16:00:43

КАИР. /RIA Novosti/. Өнгөрсөн сарын 31-нд Синайн хойгт осолдсон Оросын агаарын тээврийн компанийн “А321” онгоцны сэгийг нарийвчлан судлахаар удахгүй Каир хотод хүргэнэ гэж Египетийн "Аль-Масри аль-Йоум" сонинд ослын шалтгааныг мөрдөн шалгах комисс дахь эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.

Ослын шалтгааныг мөрдөн шалгах комиссын гишүүд урьд нь Египетийн Зэвсэгт хүчний цэргүүдийн чанга хатуу хамгаалалтан дор ослын газар очсон байна. Мэргэжилтнүүд ослын газар удаагүй бөгөөд онгоцны сэгт хэд хэдэн дүн шинжилгээ хийснийхээ дараа явжээ.

Мөрдөн байцаагчид онгоцны үлдэгдэл сэгээс эсвэл ослоор амиа алдсан хүмүүсийн цогцсуудаас тэсрэх бодисны ул мөр илрүүлээгүй болохыг "Аль-Масри аль-Йоум" сонины тус комисс дахь эх сурвалж дахин мэдэгдсэн байна.

Оросын  болон Зөвлөлтийн агаарын тээврийн түүхэн дэх томоохон осол 10 дугаар сарын 31-нд болсон билээ. Египетийн Шарм-эль-Шейх хотоос Санкт-Петербургийн чиглэлд нисч байсан "Когалымавиа" компанийн онгоц Синайн хойгт осолдож, уг онгоцоор зорчиж байсан 224 хүн бүгд амиа алдсан юм. Энэ ослын дараа Орос болон Их Британи зэрэг хэд хэдэн орон Египет рүү үйлддэг нислэгээ түр зогсоох шийдвэр гаргасан.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ