"Нас тогтох сайхан" цэнгүүнийг долоон жилийн турш зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-01 12:28:32

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төв Чингис хотын төвд орших нэгэн жижигхэн байшингаас орой бүр хөгжмийн эгшиг тасралтгүй сонсогдох нь хэн хүний анхаарлыг ихэд татдаг юм. Үдэш болмогц байшинг тойрон хөл хөдөлгөөн ихтэй болно. Цэнгээний газар юм болов уу гэхээр архидсан, согтуурхсан хүн огт үзэгддэггүй. Яг л 20 цагаас 23 цаг хүртэл аяс эгшиглээд л дуусдаг нь уламжлал гэлтэй.

Сэтгүүлч хүний мэдэхийн хүслэнд хөтлөгдөн саяхны нэг орой өнөөх “эгшигт хайрцаг” шиг байшинг үзэхээр ая дуугарахаас өмнө амжин очлоо. Жар шүргэж яваа болов уу гэмээр жижиг биетэй өвөө хөгжмийн хэрэгслүүдийг эмхлэн зогсоно. Энэ өвөөгийн алдрыг Дарханбаатар гэнэ. Тэрбээр үе тэнгийнхэндээ зориулан “Нас тогтох сайхан” нэртэй нийтийн бүжгийн цэнгүүнийг зохион явуулдаг болоод долоон жил болж байгаа аэ. Нийтийн бүжигчдийн нэгэн үдшийг сонирхохыг хүссэн сэтгэлийг минь уриалгахан хүлээн авч суудалд суухыг зөвшөөрлөө.

Хорин цаг гэхэд нийтийн бүжгэндээ яаран ирсэн ахмадуудаар заал дүүрсэн байв. Эмэгтэйчүүд нь нүүр амаа будан, үс гэзгээ янзалж, өнгө бүрийн даашинз өмсчээ. Харин эрчүүд нь нугалаа гарган индүүдсэн бирюкэн өмд, гялтайтал тосолсон ботинкоор гангарсан байв. Эмэгтэйчүүд нь даашинзгүй, эрчүүд нь хослолгүй байх нь тун цөөн харагдлаа.

Хүрэлцэн ирсэн хүмүүс хөгжмийн ая эхэлмэгц нэгнээ урин бүжиглэнэ. “Ёохор”, “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн”, “Вальс” зэрэг эгшиглэхгүй ая, бүжиглэхгүй хүн ховор юм. Өндөр настай ч гэсэн залуу хүүхдүүд шиг л хөнгөн, эвсэлтэй нь аргагүй бүжицгээж байна. Хөгжмийн хэмнэлд хөл нийлүүлэн бүжиглэхдээ бүгд жаргалтай байгаа харагдах нь юутай сайхан. Дарханбаатар гуай хөгжмөө тоглохоос гадна дуу дуулж олноо баясгана. Энэ зааланд цугларсан хүмүүс ёстой л нэг “нас тогтох сайхан” гэдгийг бүрнээ илтгэх шиг.

“Нас тогтох сайхан” цэнгүүн сар болгон бүжигчдийнхээ дунд тэмцээн зохион байгуулж, ялагчийг шагнадаг, мөн жил бүрийн баярыг алгасалгүй хамтдаа тэмдэглэдэг болоод нэлээд хугацаа өнгөрснийг бүжгэнд ирсэн хүмүүс сонирхуулж байлаа. Өдөр бүр энэхүү заал бүжигчдээр дүүрэн байдаг бөгөөд цэнгүүнд ихэвчлэн дөч болон түүнээс дээш насныхан хүрэлцэн ирж цагийг өнгөрөөдөг гэнэ.

Орой бүр эгшиглэдэг энэ аяс дор ахмадууд маань нийтийн бүжгээ ийнхүү бүжин өнгөрүүлдэг байжээ. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг үг бий шүү дээ. Эрүүл мэнддээ анхааран, хөдөлгөөнтэй байх нь урт наслахын эхлэл. Хөдөлгөөний дутагдалд орсноор стресс, илүүдэл жин, чихрийн шижин зэрэг олон төрлийн өвчин үүсдэг учир нас тогтсон гэлгүй залуу үе бид ч мөн адил эрчимт дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нь зүйтэй санагдлаа.

Хүн амьдралдаа гурван насыг туулдаг гэдэг. Чихэр нас, энэ бол хамгийн амттай “хүүхэд нас”. Давс нас, хорвоогийн сайн, муутай танилцах “залуу нас”. Хамгийн сүүлд нь ахин чихэр нас, яг л хүүхэд шиг нялхарч, баярлаж хөөрдөг “ахмад нас”. Ингээд бодохоор хийдгээ хийчихсэн, хэлдгээ хэлчихсэн ахмад настнуудад минь баярлаж хөөрөх, цагийг сайхан өнгөрөөх нэг ч гэсэн газар байгаа нь сайшаалтай. 

 Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ