Сирийн дайныг Орос дуусгаж чадна гэв

Дэлхийд
aminaa@montsame.mn
2015-11-10 12:50:33

ГДАНЬСК. /Sputnik/. “Лалын улс” бүлэглэлийг дарахаар Оросын цэргийн ажиллагаа Сирийн дөрвөн жилийн иргэний дайныг дуусгаж болно гэж Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса хэлэв.

“Сирийн асуудлыг шийдэхээр Орос оролцож эхэлсэн учир байдал намжина. Оросууд уг үйл ажиллагаанд нэгдсэн болохоор асуудал шийдэгдэнэ. Энх тайван, эмх журам тогтоохыг дэмжинэ. Тиймээс Ливийн удирдагч асан Муаммар Каддафиг зайлуулсан нь буруу. Ливичүүд одоо хүртэл тулалдаж байна шүү дээ. Үүнийг ухаалгаар шийдэх хэрэгтэй” гэж Валенса ярилцлагын үеэр хэлжээ.

“Америкчууд ийм байдалд хүргэсэн. Тэд хэтэрхий увайгүй байна. Анхнаасаа харилцан ойлголцлоор, аядуу шийдсэн бол бүгд сайн сайхан байх байсан” гэж тэрбээр нэмж хэлэв.

Оросын армийн туслалцаатайгаар Сирийн иргэний дайныг төгсгөл болгох ажилд туслахад бэлэн гэдгээ Польшийн Ерөнхийлөгч асан Валенса илэрхийлжээ.

Мөн Сирийн дайн, Ливийн хямралаас болж дүрвэгчдийг Европ хүлээж авах ёстой төдийгүй тэдний гэртээ харих нөхцөл боломжийг Европын Холбооны гишүүд бүрдүүлэх хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн байна.

Х.Аминаа
 

Холбоотой мэдээ