Увсын чацаргана Монголын брэнд

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-09-22 17:38:47
Увс аймгийн хүнсний үйлдвэр 75 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын зэрэгцээ “Увсын чацаргана” гэх амтат брэндийг бий болгосон нь эдүгээ Монголын нэрийг дэлхийд тунхаглаж байна.
Эрт дээр үеэс чацаргана жимсийг өдөр тутмын хэрэглээ болгож, дээр нь эмчилгээний журмаар хэрэглэж байсан баялаг уламжлалтай манай ард түмэн 1970-аад онд анх удаа Увс аймагт зэрлэг чацарганыг нутагшуулан тариалж “Улаангом”, ”Чандмань”, “Тэс” сортуудыг гаргаж авснаас хойш 50 гаруй жил өнгөрчээ. Социализмын үед чацарганы аж ахуй ид хөгжиж жилд 360 гаруй тн жимс хураан авч гадаад дотоодын зах зээлд нийлүүлж байсан билээ.
Өнөөдрийн байдлаар Увс аймгийн хэмжээнд жилдээ 600 га талбайд чацаргана тариалж 550 гаруй тонн жимс хурааж байгаагийн 100 га талбай нь “Увс хүнс” компаний плантаци юм. Тэднийх чацарганы шилдэг сортын төлөөлөл болох “Элизавета”, “Алтайский” сортыг тариалдаг. Анагаах ач тусаараа “Хаан жимс” хэмээн өргөмжлөгдсөн чацаргана 1981 онд монгол хүнтэй хамт сансарт нисэж газар дэлхийн төдийгүй сансрын хүнс болон шагшигдсан түүхтэй. 
Увс аймагт ургуулсан хоёр төрлийн чацарганаас гаргаж авсан тосыг Монголын бусад газар оронд ургуулсан чацарганыхтай харьцуулан шинжлэхэд Увсын чацарганых эрүүл мэндэд онцгой ашиг тустай пальмитинийн хүчлийг 2.5 дахин ихээр агуулдаг нь тогтоогдсон. Түүгээр ч барахгүй хүний биед нэн хэрэгтэй гэж үздэг оливын тосны чанараас 40 хувиар илүү байжээ. Увс нутгийн чацарганы энэхүү онцгой чанарыг үндэслэн Европын холбоонд газарзүйн заалтаар бүртгүүлэх хүсэлтээ Монгол Улс албан ёсоор тавиад байгаа билээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд