Статистикийн мэдээллийг сонирхолтой хэлбэрээр өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-20 14:54:04
Завхан/МОНЦАМЭ/. 2017 он гарсаар Завхан аймагт хүн амын шилжилт хөдөлгөөн, харьцаа, өсөлт, малчдын тоо, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа гэх зэргээр статистикийн мэдээллийг сонирхолтой хэлбэрээр аймгийн Статистикийн хэлтсээс гаргажээ.
Завхан аймаг энэ оны эцэст 21.1 мянган өрхийн 70.9 мянган хүн амтай болж өмнөх оны мөн үеэс өрх 1.8 хувиар, хүн ам 1.0 хувиар өссөн мэдээ байна. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар өрхийн тоо 928 –аар өссөн мэдээ байна. Нийт хүн амын 49.9 хувь нь эрэгтэй, 50.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 31.4 хувь нь 16 хүртэл насны хүүхэд байна. 2016 оноос 2017 оны 9 сар хүртэл хугацаанд Завхан аймгаас бусад аймаг, нийслэл рүү 1.6 мянган хүн шилжиж явж 1.1 мянган хүн бусад аймаг нийслэлээс манай аймагт шилжин ирж суурьшсан нь шилжилт хөдөлгөөн өмнөх жилүүдээс төдийлөн буураагүй байна. Харин  аймгийн нийт хүн амын 22.2 хувь нь Улиастай суманд, 12.8 хувь нь Тосонцэнгэл суманд, 8.8 хувь нь Их-Уул суманд 56.2 хувь нь бусад сумдад оршин сууж байна. Нийт өрхийн 22.7 хувь аймгийн төвд, 21.6 хувь сумын төвд, 55.7 хувь нь  хөдөө оршиж сууж байна.  Он гарсаар 1040 хүүхэд төрсөн нь хүн амын цэвэр өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна.  Энэ онд хүн амын төрөх үеийн хүйсийн харьцаа олон улс, улсын дундаж түвшинд ойролцоо болж 100 хөвгүүнд 93 охин ногдож байна.
 
Тэжээл бэлтгэл үйлдвэрлэл жил бүр өссөн байна
Завхан аймагт аймгийн дүнгээр тэжээл нэгжид шилжүүлсэнээр 15477.5 тн тэжээл үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 6303.9 тн-оор буюу 1.7 дахин өссөн байна.
Энэ онд аймгийн дүнгээр 3077.1 тн таримал тэжээл, 21191.3 тн байгалийн хадлан, 260.3 тн гар тэжээл, 1527.0 тн хужир шүү тус тус бэлтгэжээ.  Үйлдвэрлэсэн тэжээлийг хонин толгойд шилжүүлэн тооцвол нэг хонин толгойд дунджаар 4.9 кг тэжээл ногдож байна. Тэжээл бэлтгэл, үйлдвэрлэл сүүлийн зургаан жилийн байдлаар жил бүр өссөн дүнтэй байна.
 
Гэр бүлээ цуцалж буй иргэдийн 60 орчим хувь нь залуучууд байна
Завхан аймагт он гарсаар 312 хос гэрлэлтээ бүртгүүлж, 20 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 32 хүүхдийг үрчилсэн байна. Үрчлэгдсэн хүүхдүүд аймаг дотроо болон, хамаатныхаа хүмүүсд голдуу үрчлэгдсэн байна. 
Гэр бүл цуцлалт ихсэх хандлагтай байгаа нь гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлж буй талаар мэдээллийг иргэний бүртгэлийн газраас өглөө. Харин 76 бүтэн өнчин хүүхэд, 930 хагас өнчин хүүхэд, өндөр настай ганц бие өрх 1797, хөгжлийн бэрхшээлтэй 3618 хүн бүртгэгдсэн байна. Нийт салж буй гэр бүлийг судлахад 60 орчим хувь нь 30-аас дээш насны хүмүүс байна.
 
Амины малтай өрхийн 50 гаруй хувь нь 200 хүртэл толгой малтай байна
Завханд аминдаа малтай 12.9 мянган өрх байна. Үүнээс 8.8 мянган малчин өрхийн 17.1 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна.  
Амины малтай өрх нь аймгийн хэмжээний нийт өрхийн 61.3 хувийг эзэлж, малчдын 30.0 хувь нь 15-34 насны залуучууд, 57.9 хувь нь 35-59 насны хүмүүс, 12.1 хувь нь тэтгэвэрийн насны хүмүүс тус тус эзэлж байна. Малчдын тоо өнгөрсөн оноос зургаан хувиар өссөн ч, 15-34 насны залуу малчид зургаан хувиар буурчээ.  Малын тоогоороо 50 орчим хувь нь 51-100 малтай, 22 хувь нь 101-200 толгой малтай, 10 гаруй хувь нь 501- 1000 хүртэл малтай, 4.6 хувь нь 1000 дээш малтай өрхүүд байна. Нийт амины малтай өрхийн 50 гаруй хувь нь 200 хүртэл малтай байна гэсэн мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс гаргажээ.
 
Малчдын амьжиргаа хэрэглээ жилээс жилд өссөөр байна гэв
Завхан аймагт цэвэр үүлдэрийн үхэр 2.5 мянга, шилдэг үүлдэрийн адуу 10.7 мянга, Тэс хэвшлийн адуу 2.1 мянга, шилдэг үүлдэрийн ямаа 198.9 мянга, цэвэр үүлдэрийн хонь 315.3 мянга тус тус тоологдсон байна.
Харин аймгийн дүнгээр 148 өрхийг 493.7 сая төгрөгийн 8250 толгой малаар малжуулсан байна. Малжуулах арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн 44.7 хувийг орон нутгийн хөрөнгөөр, 55.3 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжигдсэн байна. Нийт малын 20.6 хувьтай тэнцэх 645.1 мянган малыг хэрэглээнд зарцуулсан байна. Малтай нэг өрхөд дунджаар 50 толгой малыг хэрэглээнд зориулан зарцуулсаныг аймгийн нийт өрхөд харьцуулвал нэг өрхөд дунджаар 30 толгой малыг хэрэглээндээ зарцуулдаг гэсэн тооцоог гаргажээ. Харин 9 сарын байдлаар малчин өрхийн 95 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 88 хувь нь телевизортой, 98 хувь нь сансрын антентай, 70 гаруй хувь нь хувийн авто машинтай, 80 гаруй хувь нь мотоцикльтой байна. Энэ нь 2016 оноос дунджаар 10 орчим хувиар өссөн байна. Манай малчдын хэрэглээ, амьжиргаа жилэээс жилд өссөөр байна хэмээн аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Цаашид жил бүрийн хагас жил, жилийн эцсээр сонирхолтой тоон судалгаануудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байна гэлээ.
Б.Мягмарсүрэн
 
Холбоотой мэдээ