Х.Баттулга: НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохгүй байснаар ач холбогдол нь буурахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-20 13:21:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд Монгол Улс оролцохгүй болсон талаар Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд Монгол Улс оролцохгүй болсон шалтгаан нь юу вэ?

-Монгол Улсад 1976 оноос хойш ажиллаж байгаа НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтаар Ерөнхийлөгчийн институци, НҮБ хоёр үйл ажиллагаандаа шинэчилсэн арга барилаар ажиллая гэдэг дээр санал нэгдлээ. Мөн таван том асуудлыг тойрч ярилцахаар санал нэгдсэн. Энэ нь ажилгүйдэл, ядуурал, байгаль орчны бохирдол буюу цөлжилт, хүүхдийн асуудал, агаарын бохирдол гэсэн асуудлаар хамтарч ажиллаж, арга барилаа өөрчлөхөөр ярилцлаа. НҮБ-тай Монгол Улс байнга хамтарч ажилладаг. Саяхан бид Хүнсний аюулгүй байдлын асуудлаар чуулган хийсэн. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохгүй байснаар ач холбогдлоо багасгаад байгаа юм биш. Заавал очих шаардлага байхгүй.
Энэ жилийн чуулган “Хүн төвтэй хөгжил” гэсэн ерөнхий сэдэвтэй юм билээ. Мөн Сирийн асуудал, Хойд Солонгосын асуудал ярина. Би мэдээллийг авч байгаа. Монгол Улсыг төлөөлж, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил оролцохоор явж байгаа. Мөн Орос, Франц, Герман зэрэг олон орон энэ удаагийн чуулганд оролцоогүй юм билээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд жил бүр өмнөх Ерөнхийлөгч оролцдог байсан. Харин энэ удаад Монгол Улсад өвөл ойртлоо, хоёрдугаарт Засгийн газар маань огцорчихсон байгаа. Өнөө маргаашгүй шинэ Засгийн газар бүрдэх асуудал яригдана. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн хувьд, Ерөнхийлөгчийн институци анхаарал тавьж байгаа. Ийм учраас энэ удаад оролцсонгүй. Заавал оролцох ёстой гэсэн юм байхгүй.

-Давосын чуулга уулзалтад оролцох уу?
-Давосын эдийн засгийн чуулга уулзалт нэгдүгээр сард болдог. Эхлээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд эсвэл Гадаад харилцааны сайдыг урихаа илэрхийлж урилгаа илгээдэг. Урилга одоогоор ирээгүй, нэр нь тодроогүй учраас шийд гараагүй. Гэхдээ бид гадаад айлчлалыг Монгол Улсад аль нь, ямар хэрэгтэй, ямар үр дүнтэй гэдгийг судалсны үндсэн дээр хийж байна. Ийм зорилготой байгаа шүү гэдгийг хэлье.
-Та УИХ-ын даргад Ээлжит бус чуулганыг яаралтай зарлах бичиг хүргүүлсэн. Энэ асуудал хэрхэх вэ?
-Засгийн газар огцроод удлаа. Тиймээс Засгийн газраа яаралтай байгуул, Ерөнхий сайдаа томил гэж шаардсан.Огцорсон Ерөнхий сайдаар үүрэг гүйцэтгүүлээд явж болохгүй гэсэн санааг агуулсан бичиг явуулсан. 
-Оффшор бүсэд данс эзэмшигчдэд хууль бус хөрөнгөө оруулж ирэх 49 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаа дуусчихаад байна. Одоо ямар арга хэмжээ авах вэ?
-Оффшор бүстэй холбоотой 49 хоногийн асуудлыг Ерөнхийлөгч болсныхоо дараахан зарласан. Энэ бол тодорхой хэмжээгээр ууч сэтгэлээр хандсан, хууль байхгүй байсан учраас хугацаа өгч, 49 хоногтоо оруулж ирвэл уучлал үзүүлье гэсэн санаатай байсан. Энэ хугацаа дууссан. Одоо АТГ ажил хийх ёстой. Яах гэж АТГ-ыг байгуулсан юм бэ. Миний хувьд улс төрчидтэй холбоотой авлигын асуудлыг илчлэх гэж л энэ байгууллагыг байгуулсан гэж боддог. Харамсалтай нь энэ байгууллага өнөөдрийг хүртэл хуруугаа хөдөлгөхгүй байна. Эрх ашгийн сонирхол байна гэсэн дүгнэлт гаргасан. 49 хоногийн дараагаас сэлэм эргүүлээд, цавчаад яваад байна гэж байхгүй. Харин энэ байгууллагыг шахаж ажиллана. 



-Владивосток хотод хийсэн гэрээнээс үүдэн нүүрсний экспорт буурлаа гэсэн мэдээлэл сошиал болон хэвлэлээр гарч байна. Үүнд тайлбар өгөөч?
-Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой гомдол гарч эхэлсэн. Үүнтэй холбоотой тайлбарууд яваад байх шиг байна. Би Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч, дараа нь ч хөршийнхөө эсрэг ямар нэгэн мэдээлэл явуулаагүй. Сонгуулийн үеэр сошиалаар янз бүрийн мэдээлэл гарсан. Сошиал гэдэг бол ардчилсан орны хувьд бас нэг цензургүй, хааж зогсоогоогүй сэдэв. Би МҮОНРТ-д ярилцлага өгөхдөө монголчуудын 80 орчим хувь нь буддын шашинтай, шашны тэргүүнээ ирэх, ирүүлэх гэдэг бидний дотоод асуудал гэж л хэлсэн. Үе үеийн Ерөнхийлөгч нар ч ингэж ярьдаг. Энэ бол үнэн. Бурхан шашнаа шүтэх бидний дотоод асуудалд битгий оролцоосой гэсэн санааг хэлсэн. Үүнийг гуйвуулж яриад байгаа хэсэг бүлэг хүмүүс бий. 
Нүүрсний хувьд Монгол орны эдийн засгийг хямраагаад байх зүйл байхгүй. Нүүрсний үнийн өсөлт, буулт хоёр дээр бид эдийн засгаа томъёолж ярьдаг. Бодит эдийн засаг гэвэл ажлын байрыг нэмэгдүүлсэн, нэмүү өртөг бий болгосон, нүүрснээс бусад бүтээгдэхүүн экспортлосон улс байх ёстой. Нүүрсийг нь боочихоор эдийн засаг нь уначихдаг улс орон байж болохгүй гэдгийг бид харах ёстой. Энэ бол улс төржүүлж байгаа яриа л гэж бодож байна.
-АТГ ажил хийхгүй байна гэж хэллээ. Хууль хяналтын байгууллагуудад халаа сэлгээ хийх, хариуцлага ярих цаг болсон уу?
-Би хүн халж солих эрхгүй, УИХ-д санал болгодог эрхтэй. УИХ маань өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Нэн тэргүүнд Засгийн газраа байгуулах ёстой.
-Шинэ бүрдэх Засгийн газрын танхимаас ямар хүлээлттэй байна вэ?
-Шинэ бүрдэх Засгийн газар нам болгоны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чин зорилготой, эх орноо гэсэн бодолтой Ерөнхий сайдтай, бүрэлдэхүүнтэй байгаасай л гэж бодож байна. Эх орноо телевизийн өмнө ярьдаг биш чин зүрхнээсээ бодож ажилладаг байгаасай.
-Сонгуулиар Шадар сайд У.Хүрэлсүх таныг дэмжиж ажилласан гэж яригдсан. Үүнд?
-Мэдэхгүй. Тэрийг өөрөөс нь асуух хэрэгтэй.
-Дан болон давхар дээлийн асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол өнөөдөртөө тулгамдсан асуудал биш. Монгол орныг хурдхан босгоод авах сэтгэлтэй хүн байвал хэдэн ч дээлтэй байж болно, эсвэл огт дээлгүй ч байсан болно.  
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ