Олон улсын үзэсгэлэнд “Говь”, “Баялаг Өлзий” компани оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-09-20 12:53:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бельгийн Вант Улсын Гент хотод 1946 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй 72 дахь удаагийн Олон улсын үзэсгэлэн худалдаанд манай улсаас ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Говь”, “Баялаг Өлзий” ХХК оролцож байна. 
Үзэсгэлэнд манай улсын томоохон компаниудын төлөөлөл анх удаа оролцож байгаа нь монголын бараа бүтээгдэхүүнийг Европын хэрэглэгчдэд таниулах, бусад улсын компаниудтай хамтын ажиллагаа тогтоох, манай улсаас Европын Холбоо руу гаргаж буй экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн манай улс Европын холбооны “GSP+” хөнгөлөлтийн хүрээнд 7200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны гишүүн орнууд руу гаалийн татваргүй экспортлох эрхтэй бөгөөд энэ төрлийн арга хэмжээ нь энэхүү хөнгөлөлтийг бүрэн дүүрэн ашиглахад түлхэц үзүүлэх юм.
 
Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 200 гаруй компани өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан оролцож байна. Түүнчлэн зохион байгуулагч талаас жил бүр нэг улсыг зочин улсаар урьж оролцуулдаг бөгөөд энэ хугацаанд нийт 50 гаруй улс зочин улсаар оролцож байгаа аж. 

Тус арга хэмжээ нь есдүгээр сарын 16-24-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Б.Туул
Холбоотой мэдээ