Д.Төмөртогтох: Би уяхан, сайхан сэтгэлтэй аавын дүрийг бүтээх хүслээ сая биелүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-19 13:07:16
“Мандухай цэцэн хатан” киноны Мянхай жанжны дүрээр олон түмнээ танигдаж, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Ану хатан” киноны Булат зэрэг олон баатрын дүрээрээ өөрийгөө мөнхлөн, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгээр үзэгчдийн зүрхэнд хүрч чадсан СТА, жүжигчин Д.Төмөртогтох гуайтай ярилцлаа. Тэрбээр Баянгол сумандаа хувийн мал эмнэлгээ ажиллуулахын зэрэгцээ олон сайхан уран бүтээлд авъяас билигээ зориулсаар явна. “Эко” телевизийн “Хазаар цэцэгсийн дуулал” олон ангит кинонд гол дүрийг бүтээгээд дөнгөж Өвөрхангайдаа хөл тавиад байхад нь уулзаж ярилцсанаа уншигч тантай хуваалцъя.
 
- “Мянхай баатар”-ыг Өвөрхангай аймгийн Баянгол суманд ажиллаж, амьдардаг гэж  үзэгч олон төдийлөн мэдэхгүй байх. Та энэ нутгийн хүн үү?
- Би Өвөрхангай аймгийн Төгрөг суманд Баянгийн салхит гэх газар төрсөн. Аав маань Дэмид, ээж маань Цэгмид гэж хүн байсан, бүгдээрээ ертөнцийн мөнх бусыг үзсэн дээ. Би төрсөн нутгаараа их бахархдаг. Сайн, сайхан замналтай улсуудын төрөлх нутаг их энергитэй, гоё, тийм ч учраас амин холбоотой явдаг шиг санагддаг юм.
Би малын эмч мэргэжилтэй хүн.  Баянгол суманд энэ мэргэжлээрээ ажиллаж,  20 гаруй жил амьдарчихлаа. Мөн л ээлтэй сайхан нутаг даа.
- Малын эмч хүн киноны нэрт жүжигчин болно гэдэг сонирхолтой санагдаж байна шүү, эсвэл урлагийн сургуулийг давхар төгсөө юу?
- Би урлагийн сургуулийг төгсөөгүй, өөрийнхөө мэдрэмж, авъяасаар л тоглодог хүн шүү дээ.  Дорнодын техникумыг малын бага эмчээр төгссөн.  Гэвч мэргэжлээрээ ерөөсөө ажиллаагүй байж байгаад  хот руу цэрэгт явсан юм.  Тэндээ ХААИС-ийн малын эмч бүсгүйтэй танилцсан нь/ одоо манай гэр бүлийн хүн Дэнсмаа/ цаагуураа малын эмчээр л ажиллах тавилантай байсан юм болов уу /инээв/.  Эхнэр маань Сант суманд томилогдон ирж, гурван жил ажилласан. Тэр үед би уурын зуухны механикаар ажиллаж байлаа. Хожим 2001 онд ХААИС-ийг Малын их эмчээр төгсөж, мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар хэд хэдэн кинонд тоглолоо. 
1985 онд Бүх ард түмний урлагийн наадам болж, би дүүтэйгээ оролцон аймагтаа, цаашлаад улсад шалгарч, алтан медаль авсан юм. Тэр үед шууд томилоод ажиллуулдаг байсан учраас намайг шалгарангуут Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт томилсон байсан. Тэнд би найман жил дуучин гэх мэргэжлээр ажилласан даа. Тэр үедээ л кино урлагтай холбогдчихсон юм.
- Таны анхны дүр бол “Мандухай цэцэн хатан” киноны Мянхай баатар. Кинонд хэрхэн тоглосон тухайгаа ярихгүй юу?
- 1986 онд намайг 28 настай байхад төрийн шагналт Б.Балжинням найруулагч, Л.Шаравдорж зураглаач, зураач Б.Пүрэвсүх нар ирж  “Мандухай цэцэн хатан” киноны жүжигчний пробыг авсан юм. Би тэр үед Мянхайд биш Өнөболдод проб өглөө. “Мандухай хатанд хайр сэтгэлтэй болчихлоо. Чи ямар байх ёстой вэ,  энэ дүрд  өөрийнхөө дотоод сэтгэлийг гарга” гэсэн. Би ямар урлагийн сургууль төгсөж, номын дууг нь сонссон биш, өөрийнхөө мэдрэмж, бодлоор л дүр гаргаж, баахан зураг авахууллаа. Тэрнээс хойш 2-3 сарын дараа манай театрын дарга н.Төмөрчулуун дуудаж байна. Яваад ортол “Чамайг кино пробонд оруулах боллоо. Хот руу яваад” ир гэлээ. Очтол намайг Өнөболдод биш, Мянхай баатрын пробонд оруулахаар болсон байсан. Би чинь Өнөболдод тоглоно гэсэн бодлоор номын санд гүйж очоод л Ш.Нацагдоржийн “Мандухай цэцэн хатан” гэсэн саарал номыг хуудсыг нь элэгдтэл уншив даа. Гэтэл нэг ч судлаагүй дүрийг бүтээхийн тулд нэр хүндтэй, олон кинонд тоглосон 12 жүжигчинтэй хамт пробонд орохоор болчихов. Тэр дотор Монгол Улсын Гавьяат жүжигчин, Ардын жүжигчин ч байгаа юм. Бүгдэд нь ижилхэн текст өгчихсөн, би хөдөөнөөс оройтож очсон болохоор текстээ дөрвөн цаг орчим судлаад л пробонд орох боллоо.  Балжаа багшаасаа “Мянхай гэдэг чинь ямар хүн байдаг юм бэ, яаж алхаж гишгэж, ямар дуу хоолойгоор ярьдаг хүн байсан юм” гэж асуухад багш маань “Төмөртогтох оо, Мянхай чинь Төмөртогтох шүү дээ. Чи өөр ямар ч дуу, хөдөлгөөн гаргах хэрэггүй. Өөрөөрөө л тогло” гэсэн. Өөрийнхөөрөө л тоглосон. Зураг авалт дуусаад бүгд л тарлаа.  Нэг сар орчмын дараа манай Төмөрчулуун дарга дуудаад “Чи Мянхай баатрын дүрд тэнцжээ” гэхэд их баярлаж билээ. Тэр том, мундаг жүжигчдээс хөдөөний юу ч мэдэхгүй би шалгарчихсан байна гэдэг чинь их л бахархалтай санагдаад театрынхаа утсаар хамгийн түрүүнд эхнэр рүүгээ залгаад л хэлж байсан.
“Мянхай гэдэг хүн чинь Төмөртогтох юм байна шүү” гэж бодож өөрөөрөө тоглосон учраас л Мянхай баатар гэх нэрээрээ өнөөг хүртэл яваа байх даа. Би ер нь өөрийнхөөрөө, байгаагаараа л тоглох дуртай. Гэхдээ дүрд орохдоо амархан, гарахдаа удаан, дотоод сэтгэл их гаргаж, хүнд тоглодог.
- Та Мянхай баатарт тоглосноос хойш нэг хэсэг “алга” болсон байх шүү.
- 1990-ээд онд театр урлагийнхан бараг тэр чигтээ хаягдсан шүү дээ. Их хүнд он жилүүд байлаа. Би театраас гараад Хархоринд гахай маллаж байсан юм. 120 гаруй гахай өсгөж, үржүүлнэ гэдэг их хэцүү. Хэдэн хүүхдээ тэжээхийн тулд юм юм хийж үзсэн дээ. Нэг өдөр МУГЖ О.Бат-Өлзий над дээр ирээд “Чи 10 жил кинонд тоглолгүй завсарлачих юм. Ард түмэн чамайг үгүйлээд байна. Найз нь анхны киногоо хийж байгаа. Чи тоглоод өгөөч” гэдэг юм. Тэр нь “Зүрхэнд шивнэсэн үг” кино л доо. Намар малын угаалга, ариутгалын ажил ид өрнөж байсан үе. Ажлынхаа хажуугаар амжуулж зохиолоо уншаад хамгийн богинохон гардаг дүрийг сонгож авсан юм.
- Та энэ кинонд Дэлэгийн дүрийг бүтээсэн. Жаахан хүн чанар муутай хүний дүр байх аа?
- /инээв/. Гадна байдлаар сайхан эр ч дотор сэтгэлдээ таагүй хүн юм гэсэн ойлголтыг манай хөдөөний үзэгчид авсан байна лээ. Нэг хэсэг надад дургүйцэнгүй хандсан ш дээ /инээв/. МУГЖ, найруулагч О.Бат-Өлзий сайн ч найруулж, ажилласан, тэр хэрээр олонд хүрсэн сайн бүтээл болсон.
- Таныг Сүхбаатар жанжны дүрийг бүтээх гэж байгаад больсон гэж сонссон. Үнэн үү?
- “Мандухай цэцэн хатан”-д тоглож байтал Х.Дамдин найруулагч “Мандах нарны туяа” гэж кино хийх гэж байна, чамайг жанжинд проб хиймээр байна. Хүрээд ирээч” гэхээр нь би очиж пробонд орлоо. Тэгээд тэнцчихсэн. Гэтэл Б.Балжинням найруулагч “Чи одоо Мянхай гэж түүхэн баатрын дүрд тоглох гэж байж өөр кинонд явах гэлээ. Энэ бол Төв хороогоор батлагдсан кино. Чи Мянхайдаа тоглох ёстой, юм юманд савсаганаад” гэж аашиллаа.  Х.Дамдин найруулагч болохоор “Жанжны дүр бол бас л түүхэн дүр. Чи жанжинд тоглох ёстой. Энэ киног Соёлын яам баталсан” гэж байна. Тэгэхээр нь би бодлоо доо. “Надад “Мандухай” нь л хэрэгтэй юм байна. Жанжинд тоглолоо гэхэд би Дашнамжил шиг жанжинг гаргаж чадахгүй. Тэгээд ч Монголын ард түмэн Дашнамжилыг жанжин гэж хардаг. Би түүнээс илүү гаргаж чадахгүй юм чинь” гэж бодоод Мянхайдаа тоглосон.
- Та одоогоор хичнээн кинонд тоглоод байна вэ?
- Найман кинонд дүр бүтээгээд байна. “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Ану хатан” гэсэн түүхэн гурван кинонд тоглолоо. Мөн “Аянгат цагийн дууль” гэх бодит явдлаас сэдэвлэсэн баримтат кинонд Баянакийн дүр, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгийн дүрийг бүтээсэн. Цагаан сарын өмнө “Шунал” гэх кинонд тоглосон. Одоохондоо дэлгэцээр гараагүй байна, удахгүй гарах байх. Энэ зун “Эко” телевизийн “Хазаар цэцэгсийн дуулал” гэж 30 ангитай киноны гол дүрд тоглосон. Бид хоёр сарын турш Булган аймгийн Хялганат, Хангал  суманд Хантай нуруу, Сэлэнгэ мөрөнг дагаж киноны зураг авалтыг хийж дуусаад киноныхоо нээлтийг хийж, би дөнгөж урд шөнө аймагтаа ирлээ. Энэ сарын 16-аас эхлэн Юнивишн, Скаймедиа сувгуудаар эхэлж цацагдах юм билээ. Тэгээд нийт үзэгчдийн хүртээл болох байх.
- Энэ кинонд та ямар дүр бүтээсэн бэ, киноныхоо талаар ярьвал?
- Энэ кино бол телевизүүдээр гараад байгаа одооны сериал шиг биш. Түүхэн ч юм шиг, үнэн ч юм шиг, үлгэрийн ч юм шиг кино байгаа юм. Энэ кинонд үе үеийн жүжигчид тоглосон. Миний хувьд Нарт тосгоны завьчин Хантай гэдэг аавын дүрийг бүтээлээ. Би уяхан, сайхан сэтгэлтэй аавын дүрд тоглох юмсан гэж ярьдаг байсан л даа. Тэр хүслээ биелүүллээ гэж бодож байна. Киноны үйл явдлаас дурдвал би хойно сурч байгаад орос эмэгтэйтэй танилцаж гэрлээд анхны хүүхдээ төрүүлсэн. Хоёр дахь хүүхдээ тээх үедээ эхнэр маань усанд живээд өнгөрчихдөг. Ингээд амьдралд гурван настай охинтойгоо үлдэж байгаа, охиндоо эхийн ч, эцгийн ч сэтгэлээр хандаж буй дүр юм. Тиймээс би уян зөөлөн тоглолт хийсэн.  Эцсийн дүгнэлтийг үзэгчид л мэднэ дээ.
- Одоо ямар кинонд тоглох төлөвлөгөөтэй байна вэ, санал ирж байна уу?
- Саяхан гурван ч киноны санал ирсэн. Таван найзын тухай кинонд Г.Равдан, Н.Нэргүйбаатар, Д.Гүрсэд, н.Сүхбаатар, намайг тоглуулах саналтай байсан ч саяны зураг авалттай давхардаад явж чадаагүй. Мөн жүжигчин Б.Амарсайхан Япончуудтай хамтарч, кино хийх гэж байгаа гэж ярьсан. Би чинь хөдөөнөө их ажилтай, малын тарилга, туулга, вакцинжуулалт хийгдээд дууссан. Одоо угаалга хийгдэх гэж байна. Ажил их байгаа болохоор тодорхой хариу хэлээгүй л байгаа. Найруулагч Л.Эрдэнэбулган Амар сайдын талаар кино хийх гэж байгаа юм байна. 9 сарын 20-иор Булган аймгийн Могод суманд зураг авалт эхэлнэ гэсэн. Мөн л ажлынхаа байдлыг харгалзаж байж хариу өгье гэсэн л дээ. Ер нь надад жилд 3-5 киноны урилга ирдэг юм. Би чадвал хоёрт нь тоглочих юмсан гэж боддог ч урт хугацаатай хийгддэг болохоор ихэнхдээ амждаггүй.
- Та аль дүрдээ илүү хайртай вэ?
- Бүх дүрээ л өөрөөсөө төрүүлсэн болохоор бүгдэд нь хайртай. Уйлахдаа уйлж, инээхдээ инээж, сэтгэлээ шаналгаж байж бүтээж байгаа болохоор бүх дүрээ л хайрладаг. Гэхдээ  олон хүүхдүүд дотор эцэг, эхийн өмчилсөн хүүхэд гэж байдаг ш дээ. Би зохиолч Чинаагийн Галсан, найруулагч Л.Хишигдорж нарын бүтээл “Аянгат цагийн дууль” киноны гол дүр Баяанакд илүү хайртай.  Тувачуудын тухай бодит явдлаас сэдэвлэсэн кино байгаа юм. Баянак бол хэлмэгдэж ууланд байж байгаад нас барсан бодит хүн. Хүмүүс болохоор “Та Мянхайдаа хайртай юу?” гэж асуудаг /инээв/. Мэдээж хэрэг, ард түмнийхээ хайрладаг дүрд хайртай байлгүй л яахав.
- Баянгол сумаас кино урлагийн алдартнууд олон төрсөн. Тэдэнтэйгээ холбоотой юу?
- Ардын жүжигчин С.Гэндэн, гавъяат жүжигчин У.Осор, О.Бат-Өлзий, дуучин н.Базарваань, гээд нэр хүндтэй олон хүн бий. Нутгийн алдартнуудтайгаа холбоотой байдаг, заримтай нь ч уран бүтээлээр хамтардаг дотны найз нөхдүүд.
- Таныг Гавъяат цол авлаа гэж сошиал ертөнц нэг хэсэг цуурлаа. Үнэхээр Гавъяат өгөх мэдээ байна уу, ард түмэн түрүүлж өгөөд байна уу?
- /инээв/. Өөрөө чихээрээ сонсоогүй болохоор мэдэх юм алга. Төрөл садан, найз нөхдүүд утасдаад баяр хүргээд, таарсан хүмүүс гар бариад л байх юм. Шагналыг нь аваагүй байж, хүнээс баярлаж талархсан үг аваад байх чинь их хэцүү, хүнд байдаг юм байна.
- Та авъяас хөдөлмөрөө ямар шагналаар үнэлүүлээд байгаа вэ?
- 1999 онд Соёлын тэргүүний ажилтан, 2012 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг авсан.
- За, уран бүтээл нэлээн ярьлаа. Одоо таны хувь амьдралыг сонирхмоор байна. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
- Гэр бүлийн хүн маань Х.Дэнсмаа гэж малын эмчээр 30 гаруй жил ажиллаж яваа бүсгүй бий. Бид хоёр 18, 20-тойдоо гэрлэж байсан. Хоёр хүү, хоёр охинтой, ач зээ маань ес боллоо. Тэднийгээ хүн шиг хүн болгочих гээд хоол унд, хичээл номтой нь ноцолдож явна. Тэр л жаргал юм даа.
- Та бас дуучин хүн. Таны авъяасыг үр хүүхдүүдээс нь өвлөж байгаа юу?
- Миний аав, ээж дуулдаг хүмүүс байсан. Аавынхаа араар мотоцикль дээр сундлаад аавынхаа дуулахыг сонсоод явдаг байснаа мартдаггүй юм. Ээж маань бүр илүү сайхан дуулна. Одоо миний том эгч Лиза гээд 70 хүрч байгаа хөгшин бий, морины тухай дууг их сайхан дуулдаг. Тэгэхээр удамаас өвлөсөн дуулах авъяасаараа л дуулдаг даа. Хамгийн том хүү СУИС-ийг дуулаачаар төгсөж, Дарханд ажиллаж байгаад энэ жил Өвөрхангайдаа ирсэн. Бага хүү Кино урлагийн дээд сургуулийг зураглаачаар төгсөж, Зохиомж сургуульд магистр хамгаалсан ч мэргэжлээрээ ажиллалгүй, Чехэд ажиллаж, амьдрахаар явсан.
- Та Баянгол сумандаа мал эмнэлэгтэй юу?
- Хувийн мал эмнэлэгтэй. Сумынхаа зургаан багаас таван багийнхаа 300 орчим мянган малыг манайх хариуцдаг.  Урлагийнхаа ажлаас гадна мал эмнэлгийнхээ ажлыг сайн хийнээ. Жилд нэг айлаар 2-3 орж байна. Байнга тойроод явчихдаг.
- Олны танил хүмүүс ихэнхдээ хот суурин газар “шигддэг”. Та  хөдөөний хөгжилд хувь нэмрээ оруулаад явж байгаа тань сайхан санагдаж байна?
- Хөдөө ажиллаж, амьдрах сайхан шүү дээ. Угшил нь малчин гаралтай болохоор малаа хараад явж байх сайхан. Кинонд тоглох гээд Улаанбаатар руу хичнээн сэтгэл хөөрөөд явж байсан ч машины цонхоор байгалийн сайхан, малын тарга хүчийг хараад явж байх их сайхан байдаг юм. Тэгэхээр би хөдөөнөөсөө салахгүй байх.
- Хүний өвчин хууч ихсээд байгаатай зэрэгцээд  малын өвчлөл бас дэлгэрээд байна уу даа?
-Зах зээл хөгжиж байгаатай холбоотойгоор энд тэндээс мал их зөөж байна. Хурдан морь, эрлийз үхэр, хуц ухныг их зөөвөрлөж, солио холио хийж байна.  Малын эмч бол малыг оношилж, эмчилж, “Ийм байна шүү” гэдгийг МЭҮТ-таа хэлэх үүрэгтэй хүмүүс. МЭҮТ бол бодлогыг боловсруулдаг газар. Хаана, хэнийх, хэдэн малтай орж ирж байна, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг зохицуулаад бид нарыг явуулаад байж болно. Тийм юм байхгүй учраас өвчлөл ихэсч, тархаж байна.
Нөгөөтэйгүүр сум, орон нутгийн засаг захиргаанаас өвс ногоогоо хамгаалж, малын өвчлөл орж ирэхээс урьдчилан сэргийлж гадны мал оруулахгүй гэж хорьдог ч малчид өөрсдөө дагуулаад ирдэг. Энэ байдлаас нэг, хоёр мал үхэхэд тоодоггүй, нуучихдаг.  Уг нь бол малын эмчид юмуу, сум орон нутгийн удирдлагад хэлж байх ёстой юм. Тэгээгүйн улмаас өвчин дэлгэрээд даамжирсаны дараа малын эмчийг дууддаг.
Бас нэг анхаарах зүйл гэвэл ямар ч мэргэжлийн бус, малчин хүмүүс угаалга хийгээд байдаг. Нэг баннд бүх малаа угааснаас болж болцруу, хамуу гээд ямар ч өвчнийг бусад бүх малд халдаачихдаг. Нэг баннд 250-иас илүү мал угааж болохгүй гэдгийг мэддэггүй.  Хаанаас керолин авав, хэн угаагаад байна гэдгийг МЭҮТ, удирдлагууд үздэг, хянадаг байх ёстой. Иймэрхүү бэрхшээл манай аймгийн мал аж ахуйн салбарт их байна.
Урилгыг минь хүлээн авч, халуун дулаан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
Ярилцсан Б.Батчимэг



Холбоотой мэдээ