Ахмадууд тойргоосоо сонгогдсон УИХ- ын гишүүнээ "нэхэв"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-19 08:55:13
Дундговь /МОНЦАМЭ/. Итгэл хүлээлгэн сонгож явуулсан УИХ- ын гишүүн нь ард иргэдтэйгээ уулзах нь битгий хэл чуулгандаа ч суухгүй, сураг алдарсанд бухимдаж байгаагаа ахмадууд илэрхийлэв. Шийдвэр гаргах түвшинд Дундговийн төлөөлөл байхгүй, нүд, чих болж явах үүргээ умартаж явааг нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс шаардах хэрэгтэй  байна гэсэн юм.
Өнөөдөр аймгийн Засаг дарга ахмадуудтай уулзаж, мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаагаа танилцуулсан бөгөөд энэ үеэр ахмадууд хэд хэдэн асуудлыг Засаг даргад хандуулсан. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү тойргийнхоо ард иргэдийг УИХ-д төлөөлж чадахгүй байна хэмээсэн санал гомдол байлаа.
Дараагийн нэг асуудал бол тэдэнд нэг дор цуглаж, соёл мэдээллийн үйл ажиллагаа явуулахад зориулсан чөлөөт цагийн танхим дутагдаж байгааг хэлсэн юм.

Аймгийн төвийн ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг соёл мэдээллийн өргөөтэй байсан нь дөрвөн жил гаруйн өмнө түймэрт өртсөн бөгөөд түймэрт өртсөн өргөөнийхөө суурин дээр ахмадын ордон барих санаачлагыг ахмадууд гаргаж, барилгын зураг төсөв хийлгэхийн тулд хандивын аян өрнүүлсэн байдаг. Тал талын дэмжлэг, ахмадуудын өөрсдийн нь цуглуулсан хандиваар ахмадын ордны зураг төсвийг хийлгээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд үүнийг анхааралдаа авахыг хүссэн юм. Гэхдээ улс орны эдийн засаг, төсөв хөрөнгөний боломжгүйг ойлгож байгаа тул одоохондоо ахмадын чөлөөт цагийн танхим болгож ашиглах байрыг шийдэж өгөх асуудлыг Засаг даргад хандуулав.

Ахмадуудын хэлсэн бас нэгэн санал бол орон нутгийн удирдах албан тушаал, төрийн албанд алба хашиж буй залуучуудын мэдлэг чадвар, удирдах арга барил, хариуцлага, үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгааг илэрхийлсэн. Мөн саяхан Засгийн газрыг огцруулсан үйл явдлын талаар, тухайлбал, “Ахмадууд бид айлын нохой шуугиулж, хаалга үүдийг тогшин, цуцатлаа гүйж байж одоогийн эрх барьж байгаа МАН- ыг сонгуулийн ялалтад хүргэлцсэн. Гэтэл одоо дээрээ эв зүйгээ алдаж байгаа нь ичгэвтэр санагдаж байна. Чадвартай, шударга, тогтвортой төрийг л бид хүссэн”  хэмээх гомдлыг ч тавьж байлаа.
Түүнчлэн Ахмад настны хууль батлагдчихаад байхад ахмад настандаа чиглэсэн аймгийн хөтөлбөр, бодлого одоо хүртэл алга байгааг сануулж байв.

Энэ мэтээр ахмадууд санал шүүмжлэл багагүй өрнүүлсэн юм. Өвөл хаяанд ирж байгаа тул өвлийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгааг асууж, цаг үеийн бусад асуудлаар  санал бодлоо илэрхийлсэн юм. Нөгөө талаар аймгийн Засаг даргын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа тэр бүр анзаарагдахгүй өнгөрч байгаа тул мэдээ мэдээллийг сайжруулах, иргэдолон нийттэй тодорхой хугацаанд уулзаж, үйл ажиллагаагаа тайлагнаж байх хэрэгтэйг сануулав.
Аймгийн Засаг дарга ахмадуудын саналыг хүлээн авч, цаашдын үйл ажиллагаандаа тусгахаа илэрхийлсэн. Ахмад настны талаар баримтлах аймгийн дэд хөтөлбөрийг ойрын хугацаанд батлан гаргана. Ахмадуудад зориулсан чөлөөт цагийн танхимыг 10 дугаар сард багтаан шийдэж өгнө гэдгийг хэллээ.
 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ