Өлгий хотод 2,9 км хатуу хучилттай зам ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-18 09:16:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийн хүрээнд Өлгий хотын 5, 6, 10 дугаар багуудын нутаг дэвсгэрт баригдаж буй хатуу хучилттай замын ажил бүрэн дуусч, өчигдөр ашиглалтад орлоо.

Уг замын ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий 2,3 тэрбум төгрөгөөр хийгджээ. Эхний санхүүжилт болох нэг тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид 2017 онд олгож, үлдсэн санхүүжилт нь 2018 оны төсөвт суух аж. Энэ талаар аймгийн Засаг дарга А.Гылымхан, "Монгол улсын Засгийн газрын 2016-2020 мөрийн хөтөлбөрт аймгуудыг хатуу хучилттай замаар холбох асуудал тусгагдсан. Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвийн багуудын шороон замыг хатуу хучилттай болгох талаар заасан байгаа. Харин өнөөдөр үүний эхний алхмыг эхлүүлж 2.9 км замын туузыг хайчилж байна" хэмээн нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

Төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн 5, 6, 9, 10, 12 дугаар багуудын нутаг дэвсгэрт нийтдээ 4,5 км-ийн хатуу хучилттай зам тавихаар төлөвлөгдсөн ба эхний 2.9 км зам нь явган хүний зам, авто машины зогсоолын хамт ийнхүү ашиглалтад орж байгаа аж.

Замын барилгын ажлыг "Жол" ХХК гүйцэтгэсэн байна.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ