Өвөрхангайгаас 1500 гаруй хүн хэлмэгдэж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-12 09:41:28
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад нийтийг хамарсан их баривчилгаа эхэлсэн 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон хуульчилснаар жил бүрийн тус өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон.

Өвөрхангай аймгийн салбар комисс, орон нутгийн удирдлагууд, олон нийтийн байгууллагууд, хэлмэгдэгсэд тэдний төрөл төрөгсдөөс “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах өдөр”-ийг өчигдөр буюу 9 сарын 11-ний өдөр 19 дэх жилдээ тэмдэглэж, “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх гэрэлт хөшөө”-нд цэцэг өргөлөө. Мөн хэлмэгдэлтийн хор уршгийн талаар иргэд болон хүүхэд багачуудад таниулах зорилгоор хүндэтгэлийн цуглаан хийж, хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулж Ганданпунцоглин хийдэд буяны ном хурлаа. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн талаарх хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Засгийн газраас шинээр хууль санаачлан ажиллаж байгаа” талаар аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлсэн үгэндээ дурьдаж байв. 
Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссоос 1998-2017 онд давхардсан тоогоор 1130 гаруй иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, 1930-аад онд хэлмэгдэж цагаатгагдсан 1500 гаруй хүнээс 518 хүнд 512 сая төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ