Онги голын постоор нэвтрэх бүртээ мөнгө төлөх ёстой юу?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-08 14:09:18
Өвөрхангай /МОНЦАМЭ/. МШУТ-ийн 70321111 утсанд иргэдээс ирж буй гомдлуудын нэг нь Онги голын төлбөр хураах цэгт 1000-10000 төгрөг хурааж байгаа явдал юм.
Хэдийгээр Засгийн газрын 2016 оны 103 дугаар тогтоолоор хатуу хучилттай, улсын чанартай зам ашигласан тохиолдолд тээврийн хэрэгслээс төлбөр авна хэмээн журамлаж, төлбөрийн хэмжээг тогтоосон ч энэ нь манай аймгийн хувьд А0301, А0302 гэсэн Тарны гүүрээс Арвайхээрийн Нисэх буудал хүртэлх, Нисэх буудлаас Нарийнтээл сумын Шаргын бригад хүртэлх төв зам ашигласан нөхцөлд хамаарна.
Харин хөдөө сумдаас шороон зам ашиглан ирж байгаа зорчигч иргэд дээрх мөнгийг өгөх ёстой юу гэсэн асуудлыг хөндлөө. Онги голын төлбөр хураах цэгийн ахлагч О.Базарсадаас энэ талаар тодруулахад “Дугуй, зам нийлсэн л бол авах ёстой. Шороон замаар яваад ирсэн байлаа ч Онги голын постоос Арвайхээр рүү орж иртэл 12 км газарт засмал зам ашиглаж явдаг. Зам ашигласны хураамжаа төлөх ёстой” гэв. Үүнээс үзэхэд Улаанбаатар, Арвайхээр хот хооронд 430 км засмал зам ашигласан, хөдөө сумдаас шороон замаар яваад постоос Арвайхээр хүртэлх 10 гаруй км-т засмал зам ашигласан тохиолдолд ижилхэн мөнгө хурааж байгаа юм. Засгийн газрын 103 дугаар тогтоолд зам ашиглах уртын хэмжээг заагаагүйн дээр хяналт тавих боломжгүй учраас иргэд аймгийн төв рүү ороод гарахын хооронд талхны мөнгөө “зулгаалгасаар” байхаас өөр аргагүй бололтой.
Онги голын төлбөр хураах цэгээр өдөрт хамгийн багадаа 100 машин нэвтрэн өнгөрдөг бөгөөд 2016 онд 200 гаруй сая төгрөгийн хураамж авч, Улсын замын санд төвлөрүүлжээ. Тус цэгээр тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэн албан үүргээ гүйцэтгэж байгаа эмнэлгийн түргэн тусламж, зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, ШШГА, ОБА, төрийн тусгай хамгаалалт бүхий тээврийн хэрэгсэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалттай тээврийн хэрэгслээс бусад бүх тээврийн хэрэгсэл ангилал, бодит жингээсээ хамааран төлбөр төлөх ёстой аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ