12 жилийн хугацаанд 15.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-09-08 09:30:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. Дэлхийн зөн Баянхонгор-1 Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр (ОНХХ) Баянхонгор аймагт 12 жилийн хугацаанд хэрэгжиж 15.9 тэрбум шахам төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Хонгор нутгийн хөгжил цэцэглэлт, хүүхэд бүрийн сайн сайхан, бүрэн дүүрэн амьдралын төлөө зүрх сэтгэл, оюун бодлоо дайчлан ажилласан тус хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.

Тус хөтөлбөр хүүхэд ивээн тэттгэх боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг гэсэн чиглэлээр, мөн тухайн үеийн хэрэгцээ шаардлагын үүднээс тусгай төслүүд болох өрхийн амьжиргааг дээшлүүлэх, сургуулийн хөрс орчныг сайжруулах, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, ногоожуулах, малжуулах зэрэг олон тооны хөтөлбөрүүдийг тусгайлан хэрэгжүүлж иржээ.

Хаалтын арга хэмжээнд Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филл Ливерт, Доронна Жавиер, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн болон бусад албаны төлөөлөл, төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж байсан байгууллагууд оролцлоо. Ёслолыг нээж Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч ноён Филл Ливерт хэлэхдээ, "Төсөл хэрэгжиж эхлэх үеийг өнөөгийн Баянхонгортой харьцуулахад эхийн эндэгдэл буурсан, хүүхдийн сурч хүмүүжих орчин сайжирсан, нийгмийн харилцаанд хүүхдийн оролцоо нэмэгдсэн, цөөнгүй өрхийн амьжиргаа дээшилсэн зэрэг эерэг үзүүлэлтийг харж болохоор байгааг хэлэхэд таатай байна. Манай баг хамт олны үлдээсэн энэ зөв хэвшлийг цаашид аймаг орон нутаг хариуцлагатайгаар үргэлжлүүлэн авч яваарай" гэдгийг захилаа.
Олон талын нийгмийн суурь нөхцөл байдалд бодитоор дүн шинжилгээ хийж түүнтэйгээ уялдуулан хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр бүхэн нь амжилттай байсныг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр онцлон тэмдэглээд үлгэр жишээч сайн баг хамт олны нөр их зүтгэл, зөв оновчтой үйл ажиллагаа бүхэн нь бид бүхний ирээдүйд зөв хөрөнгө оруулалт болж байсан гэдгийг хэлж төслийн багийханд талархал илэрхийлсэн.

Мөн үеэр Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагын суурин төлөөлөгч, ноён Филл Ливерт аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэнтэй тогтвортой байдлын гэрээ байгуулсан юм.

Дэлхийн Зөн Монгол Баянхонгор-1 ОНХХ-ийн чадварлаг мэргэжилтнүүд тус хөтөлбөрөө хаагаад, Баянхонгорчуудад хэрэгцээтэй бас нэгэн хөтөлбөрийг гар сэтгэл нийлэн тун удахгүй хэрэгжүүлэхээр болжээ.

                                                                                                                                      Б.Мөнхзул

Холбоотой мэдээ