Пхеньян: Бид АНУ-д илүү олон "бэлэг барих" болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-06 07:07:32
ЖЕНЕВ. /Reuters/. “Манай улс цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй. Бид АНУ-д илүү олон “бэлэг барих” болно” гэж Умард Солонгосоос Швейцарьт суугаа Элчин сайд онцлон тэмдэглэжээ.

Элчин сайд Хан Тэ Сон мягмар гарагт Женев хотноо болсон Зэвсэг хураах асуудлаарх олон улсын бага хурлын үеэр ингэж хэлсэн байна.

Өнгөрсөн ням гарагт зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй нь  холбогдуулан Умард Солонгосыг уг хуралд оролцсон 30 гаруй улс орны төлөөлөгчид эрс зэмлэн буруушаажээ.

Харин Элчин сайд Хан хэлэхдээ “Стратегийн цөмийн хүчинтэй болох төлөвлөгөөнийхөө хүрээнд тив алгасах баллистик пуужинд суурилуулах боломжтой устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршсан улс орноороо би бахархаж байна. Манай улсыг басамжлан өдөөн хатгах, шахалт үзүүлэхээ зогсоохгүй бол Вашингтонд бид үүнээс ч илүү олон бэлэг барих болно” гэсэн байна.

Зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгост нэмэлт хориг арга хэмжээ авахаар холбогдох улс орнууд зэхэж байгаатай холбогдуулан Элчин сайд Хан хэлэхдээ “Манай улсад шахалт, хориг арга хэмжээ үйлчлэхгүй. Бид цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах гэж яриа хэлэлцээний ширээний ард хэзээ ч суухгүй” гэжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ