МАН-ын бүлэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-05 07:58:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд 11.00 цагаас хуралдах тов гаргажээ. 

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэх талаар дахин хэлэлцсэн юм. Хуралдааны төгсгөлд Удирдах зөвлөлөөс Засгийн газрыг тогтвортой байлгах, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг биелүүлж байх утга бүхий тогтоол гаргасан гэх мэдээлэл байна. Уг тогтоолыг өнөөдөр хуралдах бүлгийн хурлаар танилцуулж, саналаа нэгтгэхээр төлөвлөж байгаа аж.

Дашрамд дурдахад, УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 30 гишүүний гарын үсэгтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг наймдугаар сарын 23-нд УИХ-д өргөн барьсан юм. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрөгч лхагва гарагт уг асуудлыг хэлэлцэн, санал хураалт явуулсан ч 52.9 хувь эсрэг санал өгсөн. Одоо эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэх бөгөөд чуулганы хуралдааныг маргааш зарлах төлөвтэй байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ