Гурван голын бэлчирт минж нутагшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-30 22:53:33

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг ховор амьтдын тархац нөөцийн судалгааг гаргажээ. Судалгаагаар халиун бугын тархац нутаг 10382.0 км2  талбайд 1664 толгой нөөцтэй, бор гөрөөсний тархац нутаг 11402,3  км2  талбайд 1513 толгой байна.

Харин аргаль хониных 1316,6 км2 талбайд 203 толгой, янгир ямаа 2249,5 км2  талбайд 604 толгой нөөцтэй байна. Мөн зэрлэг гахайн тухайд 3856,8 км2  талбайд 60 толгой нөөцтэй байгаа бол цагаан зээр 5821 толгой, хар сүүлт 41 толгой, евроазийн минж 50 толгой тус тус нөөцтэй гэсэн судалгааг гаргажээ. 

Түүнчлэн
голын экосистемийг сайжруулж усны түвшинг тогтвортой барьдаг ач холбогдолтой нэн ховор минжийг хамгаалах, тоо толгойг өсгөх, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Тосонцэнгэл сумын Хожуулын гол, Идэр сумын Идэрийн гол, Тэгшийн гол, Алдархаан сумын Богд, Чигэстэй голуудын сав дагуу 280 км2  нутгийг хамруулж минж нутагшуулах боломжтой газрыг сонгож хээрийн судалгааны ажлыг хийжээ. Судалгаагаар Идэрийн голын эх гурван голын бэлчир орчим 7,5 км2 талбайг хамруулан минж нутагшуулах боломжтой нь тогтоогдож, 50 орчим минжийг нутагшуулаад байна.

Дашрамд дурдахад, сүүлийн хоёр жил ховор амьтдыг агнах зөвшөөрлийг аймгийн ИТХ-ээс олгоогүй байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ