БХЯ-ны удирдлагууд "Цэргийн тэнхим"-тэй танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-06 12:59:53

Их, дээд сургуулийн оюутнуудад цэргийн бэлтгэл сургалт явуулах  "Цэргийн тэнхим" Монголын Үндэсний дээд сургуульд анх удаа байгуулагдлаа.

"Цэргийн тэнхим"-ийн нээлтэд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, МҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Л.Мөнхбат, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар нар оролцов.

”Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлнэ” гэж тусгасан  төрийн бодлогыг  Монголын үндэсний их сургууль эхлүүлж байгаагаараа онцлогтой.

Энэхүү тэнхимийг байгуулсан нь  Батлан хамгаалах яам, Монголын үндэсний их сургуулийн

"Хамтран ажиллах санамж бичиг”-ийн үр дүн юм. Батлан хамгаалах яамны зүгээс цаашид Монгол Улсын бүх их, дээд сургуулиудад ийм тэнхим байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Оюутан залуучууд та бүхэнд цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, цэрэг эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшлийг олгох “Цэргийн эрдмийн тэнхим”-ийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Саяхан УИХ-ын нэгдсэн хуралдаанаар ”Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг хэлэлцэн баталсан. Энэхүү бодлогын баримт бичигт “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлнэ” гэсэн  төрийн бодлогыг Монголын үндэсний их сургууль эхлүүллээ. Энэ нь бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлж нийт залуусыг цэргийн алба хаах тогтолцоонд тодорхой хувь нэмрээ оруулна" хэмээн онцлов. МҮИС-ийн Цэргийн тэнхимийн эрхлэгчээр Цэргийн сурган хүмүүжүүлэх ухааны магистр, дэд профессор, бэлтгэл хурандаа З.Чулуундорж ажиллах юм. Тус тэнхимийн орчин нөхцөлтэй танилцаад БХЯ-ны удирдлагууд яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс  дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ