Багшийн ёс зүйн зөвлөл шинэчлэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
gantuya@montsame.mn
2017-08-29 13:03:10
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилд улс орон даяар болосвролын салбарынхан багшийн ёс зүй, мэргэжлийн ёс зүйг сахин ажиллах, багшийн нэр төрийг өндөрт өргөн ажиллахтай холбоотой чухал асуудлууд тавигдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор багшийн ёс зүйн дүрмийн дагуу аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлийг шинэчлэн байгуулжээ. Шинэ зөвлөл 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна.

Сүхбаатар аймгийн боловсрол соёлын байгууллагын ажилтан албан хаагчдын ээлжит бага хурал боллоо. Бага хурлаар боловсролын салбарын өнгөрсөн жилийн ажлын тайланг хэлэлцэж, мөн аймгийн Засаг дарга З.Энхтөр 2016-2020 оны хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт болосвролын салбартай холбоотой тусгагдсан ажлууд, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгчээ. Ээлжит бага хуралд аймгийн хэмжээний боловсролын байгууллагын 550 төлөөлөгч оролцсон байна. Энэ үеэр аймгийн Багшийн ёс зүйн хороог шинэчлэн байгуулсан байна.

“2014-2015 онд долоогоос найман гомдол ирж байсан бол, 2016 онд нэгээс хоёр гомдол л ирсэн байдаг. Харин 2017 он гарсаар нэг ч гомдол одоогоор ирээгүй байна. 2007 оноос хэрэгжиж байгаа ёсзүйн дүрэм болосвролын салбарт сайн мөрдөгддөг гэж би боддог. Хүүхдийг зоддог, гар хүрдэг, эрхэнд нь халддаг зөрчил үгүй болсон гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд ирж байгаа өргөдөл гомдлыг харахад хүүхдийг ялгаварлах, багш нар удирдлагуудтайгаа үл ойлголцож маргаан үүсгэх, ажлын байран дээр архидах, эцэг эхчүүдтэйгээ муудалцах гэх мэт төрлийн гомдлууд ирсэн байдаг. Багшийн ёсзүйн зөвлөл бол тухайн багшийг ёсзүй зөрчсөн үү үгүй юу гэдэг дүгнэлтийг л гаргадаг. Үнэхээр зөрчил гаргасан бол зөвлөлийн дүгнэлтийг үндэслээд тухайн байгууллагын захирал эрхлэгч нар зохих хариуцлагыг тооцдог. Ер нь өнгөрсөн жилүүдэд манай ёсзүйн зөвлөл маш сайн ажиллаж байсан. Энэ удаагийн зөвлөл маань ч маш сайн бүрэлдэхүүнтэй зөвлөл болж чадсан” хэмээн аймгийн БСУГ-ын дарга Л. Байгальмаа хэллээ.
Т. Одончимэг
Холбоотой мэдээ