Ээлжит бус чуулган зарлаж, Ерөнхий сайд, Шадар сайдын асуудлыг хэлэлцэх боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-28 16:18:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт Ээлжит бус чуулган зарлан Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болон Ерөнхий сайдыг огцруулах эсэх талаарх саналуудыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ. 

Тодруулбал, хуралдаанаар өнөөдөр Ээлжит бус чуулган зарлах эсэх болон Шадар сайд, Ерөнхий сайдын асуудлаарх санал, хүсэлтүүдийг хэлэлцэх асуудлаар зөвшилцсөн байна. Ингээд хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын Ээлжит бус чуулган зарлахаар шийдвэрлэлээ. Энэ хүрээнд, маргааш 10.00 цагаас УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хороо хуралдаж Шадар сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх болсон байна. Байнгын хорооны хуралдааны дараа 14.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байр сууриа нэгтгэх аж.

Харин нөгөөдөр буюу лхагва гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргах юм байна.

Ингээд пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, дээрх хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх болжээ. Харин энэ удаагийн Ээлжит бус чуулганаар УИХ дахь АН-ын бүлгийн тавьж буй Төсвийн тодотголыг хэлэлцэхгүй болсон талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл өгөв.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Холбоотой мэдээ