Тайванийн тандалт судалгааны хиймэл дагуулыг тойрог замд гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-08-28 16:01:07
НЬЮ-ЙОРК./TASS/. “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужин пүрэв гарагт Тайванийн алсын зайн тандалт судалгааны “Formosat 5” хиймэл дагуулыг тойрог замд амжилттай гаргажээ. 

Тус пуужинг АНУ-ын Баруун эргийн цагаар 11:50-д Калифорни муж улсын Ванденбергийн Агаарын цэргийн хүчний баазаас хөөргөжээ.

Дээрх аппарат нь Тайвань дангаараа анх удаа зохион бүтээж үйлдвэрлэсэн дэлхийн гадаргууг ажиглах зориулалттай хиймэл дагуул болж байгаа ажээ. Өргөн зурвасын хүчирхэг оптик аппаратуудаар тоноглогдсон “Formosat 5” хиймэл дагуул нь дэлхийн зургийг алсаас авах төдийгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, байгаль орчны мониторинг, эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулсан мэдээлэл цуглуулах ажээ.

Дээрх хиймэл дагуулыг бүтээхэд Тайванийн 50 гаруй эрдэм шинжилгээний багууд оролцсон байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд зургаан жил зарцуулж, 190 сая долларын хөрөнгө оруулжээ.

Тус аппарат нь 450 кг жинтэй ба тойрог замын ойролцоогоор 720 км-ийн өндөрт таван жилийн туршид ажиллах ажээ.
О.Барс
 
Холбоотой мэдээ