Саудын Арави тэргүүтэй эвсэл Йеменд олон иргэний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-24 11:20:56
САНАА. /Reuters/. Саудын Арави тэргүүтэй эвслийн хүчнийхэн Йемений нэгэн зочид буудалд агаараас цохилт өгсний улмаас 40 гаруй хүн, тэдний дотор хүүхдүүд амь үрэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Энэ хэрэг өчигдөр Йемений нийслэл Санаа хотоос холгүй орших газарт болжээ. Агаарын цохилтод 46 хүн амь үрэгдэж, 70 гаруй хүн шархаджээ.

Йемений нийслэл нь сөрөг хүчний “Хусит” бүлэглэлийн хяналтад байдаг юм. Саудын Арави тэргүүтэй эвсэл нь Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн засгийн газрыг дэмжин босогчдын эсрэг ажиллагаа явуулж байгаа билээ.

Агаараас цохилт өгснийг Йемений сөрөг хүчнийхэн буруушаагаад “Агаараас цохилт өгөх үед зочид буудалд олон иргэн байсан” гэжээ.

Харин Ерөнхийлөгч Хадигийн хүмүүс мэдэгдэхдээ “Зочид буудалд босогчид байсан” гэв.

Дайны хөлд нэрвэгдээд буй Йемен улсад “ноцтой” хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байгаа юм.  Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн дайны улмаас тус улсын хоёр сая гаруй иргэн орон гэрээсээ дайжиж, 500 мянга гаруй хүн холер буюу булчин задрах тахалд нэрвэгдээд байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ