Галаар тоглохгүй байхыг Пхеньян АНУ-д анхаарууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПХЕНЬЯН. /Kyodo/. Цөмийн зэвсгийн агуулах дээр галаар тоглох болчимгүй үйлдэл хийхгүй байхыг АНУ-д анхааруулсан мэдэгдлийг Умард Солонгос дахин гаргалаа.
АНУ болон Өмнөд Солонгос жил тутам хийж заншсан хамтарсан цэргийн сургуулилтаа энэ сарын 21-нээс хийж эхэлсэнтэй холбогдуулан Умард Солонгос-ын Үндэсний энх тайвны хороо өнөөдөр мэдэгдэл хийсэн байна.
Уг мэдэгдэлд “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны дайсагнасан үйлдлийн хариуд БНАСАУ хатуу хариу барих болно” гэжээ.
АНУ-ын эзэмшлийн Гуам арлын ойролцоох ус руу дөрвөн баллистик пуужин харвахаар төлөвлөж байгаагаа Пхеньян энэ сарын эхээр зарласан билээ.
Пхеньян хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүртэй шинэ баллистик пуужин үйлдвэрлэж байгаа тухай өчигдөр буюу лхагва гарагт Умард Солонгосын төв телевиз мөн мэдээлсэн юм.
Армийн тэргүүлэх бодлого болох Сонгуны бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн өдрийг умард солонгосчууд энэ баасан гарагт тэмдэглэх аж.
Өнгөрсөн онд энэ ойн өдрийн өмнөх өдөр Умард Солонгос шумбагч хөлөг онгоцноос баллистик пуужин харваж байсан учир холбогдох улс орнууд сонор сэрэмжээ дээшлүүлээд байна.
Г.Доржханд