Вьетнам ба Монголын үндэсний мэдээллийн агентлагууд хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-08-15 23:17:22
ХАНОЙ. /VNA/. Вьетнамын мэдээллийн агентлаг /ВМА/ болон Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг харилцаа холбоогоо улам бүр бэхжүүлэхээр наймдугаар сарын 15-ны энэ өдөр хамтын ажиллагааны шинэ хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Уг хэлэлцээрийн хүрээнд тус хоёр агентлаг англи хэлээр гаргасан мэдээ мэдээлэл, англи тайлбартай зураг болон дүрстэй мэдээ, ялангуяа Вьетнам болон Монголын газар нутаг, ард түмний аж амьдрал, хоёр улсын хоорон дахь хөрөнгө оруулалт, бизнесийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх болом жуудын талаарх баримтат дүрстэй мэдээг идэвхтэй солилцохоор тохиролцов.

Мөн талууд сэтгүүлч солилцооны хөтөлбөрөө үргэлжлүүлж, бүс нутаг ба олон улсын форумууд, тухайлбал Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагатай (ОАНА) хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь бие биедээ харилцан туслалцаа үзүүлэхээр тохиролцлоо.

ВМА-ийн ерөнхий захирал Нгуен Дык Лой өнөөдөр Вьетнамын нийслэл Ханой хотноо МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирал Б.Ганчимэгийг хүлээн авч уулзаж, хэлэлцээ хийх үеэрээ “Манай хоёр агентлаг 2001 онд хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж байсан. Бид одоо байгаа боломж бололцоогоо дайчлан хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх хэрэгтэй байна” гэв.



Энэ онд Вьетнамд болох АПЕК буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын талаар ноён Нгуен Дык Лой дурдаад “Манай агентлаг энэ арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт нийлүүлэхэд бэлэн байна. Та бүхэн энэ арга хэмжээг өөрийн мэдээллийн хэрэгслүүдээрээ дамжуулан сурталчилж өгнө гэдэгт бид найдаж байна” гэлээ.

Үүний хариуд МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирал хатагтай Б.Ганчимэг ихээхэн ололт амжилттай ажиллаж байгаа ВМА-т  баяр хүргэхийн сацуу хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Вьетнам ба Монголын бизнес эрхлэгчид болон ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд ВМА болон МОНЦАМЭ агентлаг хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон аялал жуулчлалын талаар илүү олон мэдээ мэдээлэл солилцох хэрэгтэй байна гэж хоёр захирлын хэн хэн нь хэллээ.

1921 онд байгуулагдсан МОНЦАМЭ агентлаг бол Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллагуудын нэг юм. Тус агентлаг нь 20 аймаг, Оросын нийслэл Москва болон Хятадын нийслэл Бээжин хот дахь байнгын сурвалжлагчдаа оруулаад нийт 108 ажилтантай.

МОНЦАМЭ агентлаг нь дотоодын уншигчдадаа зориулан өдөр тутам монгол, англи, орос, хятад болон япон гэсэн 5 хэлээр дотоод, гадаад мэдээллийн www.montsame.mn цахим хуудас ажиллуулж, долоо хоног тутам монгол бичгээр “Хүмүүн бичиг” сонин эрхлэн гаргаж байна.

Мөн тус агентлаг нь гадаадын уншигчдад зориулан өдөр тутам англи, орос хэлээр “MONTSAME Daily News”, “МОНЦАМЭ Новости” товхимол, долоо хоног тутмын “Новости Монголии” сонин /орос хэлээр/,  “The Mongol Messenger” сонин /англи хэлээр/, “Мэнгу сяосибао” сонин /хятад хэлээр/, “Монгору Цушин” сонин /япон хэлээр/, улирал тутамд “Mongolia Today” сэтгүүл /англи хэлээр/ бэлтгэн гаргадаг юм.

Түүнчлэн тус агентлагийн МОНТА теле студи нь өдөр тутам улс орны түүх, соёл, хөгжил дэвшил, дотоод амьдралын үйл явдлыг харуулсан дүрстэй мэдээг монгол, англи хэлээр бэлтгэн дотоод, гадаадад түгээдэг. Мэдээлэл сурталчилгаа-танин мэдэхүйн “Mongolia” номыг /англи хэлээр/ жил бүр шинэчлэн хэвлэж, олны хүртээл болгож байна. МОНЦАМЭ агентлаг нь мөн өөрийн гэсэн гэрэл зургийн студи, мэдээллийн төв болон хэвлэх үйлдвэртэй.

Харин ВМА нь эх орныхоо бүх хот ба мужид салбартай /63/ бөгөөд таван тивийн 30 улсад сурвалжлагчтай.

2400 гаруй ажилтан, тэдний 1000 гаруй сэтгүүлч-редактортай ВМА нь Вьетнамын хэвлэл мэдээллийн салбарт гаргаж буй бүтээгдэхүүнийхээ тоо болоод төрлөөр тэргүүлэгч байгууллага юм. Тус агентлаг нь цахим мэдээ, фото мэдээ, телевизийн хөтөлбөр, өдөр тутмын сонин, долоо хоног тутмын сонин,  сар тутмын сонин, зурагт сэтгүүл, ном, цахим сонин зэрэг 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн эрхлэн гаргаж байна.

Мөн тус агентлаг нь хамгийн олон хэлээр мэдээ мэдээлэл бэлтгэдэг. Дотоод ба гадаадын уншигч, үзэгчдэд зориулан албан ёсны вьетнам хэлээрээ болон англи, хятад, франц, испани хэлээр мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэдгээс гадна дөрвөн гадаад хэлээр, тодруулбал лаос, солонгос, япон болон орос хэлээр цахим сонин гаргадаг юм.

http://www.vietnamplus.vn/ttxvn-ky-thoa-thuan-hop-tac-moi-voi-hang-thong-tan-mong-co/461133.vnp
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ