Дашбалбар сум энэ онд түймэрт тэрбум төгрөгийн хохирол амсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-11-05 10:08:59

Дорнод аймгийн Дашбалбар сум энэ жил түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэсэн билээ.

Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамцтай уулзаж нутаг орны аж амьдралын талаар сонирхлоо. Тэрбээр “Манай сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо өргөн сайхан тэмдэглэж нутгийн иргэд өндөр сэтгэгдэлтэй байгаа. Сумын иргэд малчид маань өвлийн бэлтгэлээ жил бүр л базааж ирсэн уламжлалынхаа дагуу хангаад байна. Энэ өвөл ширүүхэн болно, Мичин жилд хүндхэн байдаг гэсэн яриа бий. Харин энэ зун, намар өнөтэй сайхан боллоо. Хулгана гэдэг амьтан хөеө базаагаад байгаа юм гайгүй л байна. Гэхдээ өвөл болдгоороо л болно. Өвлийг өнтэй давахын тулд хадлан, өвс тэжээлээ базаахаас гадна ялгалт, заазлалт гэж байна. Тарга тэвээрэг сайн авч чадаагүй гэсэн малаа нядалж мах, арьс ширийг таарч тохирсон үнээр нь борлуулаад авахад ч гэмгүй болов уу. Сумын иргэд, малчдын аж амьдрал эрээн бараантай л байдаг ч ерөнхийдөө гайгүй. Хүн бүр, байгууллага бүр хичээж, малаа сайн таргалуулаад өвөлжөө, хаваржаа, худаг усаа сайн базаагаад өвлийн бэлтгэлээ базааж байгаа. Манай малчид ч хэлүүлэлттгүй хийдэг ажил даа. Төрийн байгууллагуудын хувьд өвлийн бэлтгэлээ хангаж байна. Харин төвөөс ирэх цахилгаан дамжуулалт доголдвол бид өөрийн нөөц цахилгааны эх үүсвэрээрээ ямар ч байсан 7 хоног ажиллуулах түлшээ базаасан.

Зүүн бүсийн сумдын хувьд хамгийн тулгамдсан асуудал түймэр байгаа. Энэ жил манай сум гэхэд л байгаль экологийн хувьд тэрбум гаруй төгрөгийн хохирол амслаа. Манай сум 2015 онд нийтдээ 3 тэрбум төгрөгийг улс, аймаг, орон нутгийн төсөв хөрөнгө, хандив тусламжаар босгосон бол түүний гуравны нэгийг түймэрт алдлаа гэж болох юм. Байгалийн гамшгийн өмнө үнэхээр хүчин мөхөсдөж байна. Сумын 90 жилийн ой тохиосон энэ жил нэлээдгүй бүтээн байгуулалтын ажил хийж, сумын төвөө өнгө үзэмжтэй болгосон. Дашбалбар суманд НҮБХХ-ийн Дасан зохицох төслөөс эхлээд байгальд ээлтэй, ард олны амьжиргааг дэмжсэн олон жижиг төсөл, зээл тусламжийн дэмжлэгээр иргэдийн аж амьдралд тустай, ажлын байр шинээр бий болж, айл өрхийн ашиг орлого нь нэмэгдлээ гэж болно”. хэмээн ярьсан юм.

Дашрад дуулгахад Буриад зон олны суурьшсан тус сумаас төр, нийгмийн зүтгэлтэн Д.Майдар, Ардын зураач, Төрийн шагналт зураач Г.Одон, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, түүхийн ухааны доктор Ц.Санжаасүрэн, улс төрийн зүтгэлтэн, ардчиллын алтан хараацай, УИХ-ын гишүүн агсан С.Зориг, УИХ-ын гишүүн С.Оюун, Улсын начин Д.Дамбадондог, Хөдөлмөрийн баатар, паралимпийн аварга Д.Баатаржав нарын олон алдартнууд төрөн гарсан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ