Алтны уурхайд ажиллаж буй хүүхдүүдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-08 12:43:43
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажлын хэсэг томилж, Уянга сумын Өлт багт ажиллалаа. Ажлын зорилго нь гар аргаар алт олборлож буй хүүхдүүдийн судалгааг гаргах байсан бөгөөд зорилтот 20 өрхөөр орж хэрэгцээг тодорхойлжээ.

Энэ үеэр сургууль завсардсан зургаа хүүхэд, 18 насанд хүрээгүй ч алтны уурхайд ажиллаж байгаа хоёр хүүхдийн эцэг эхтэй уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгсөн ба гар аргаар алт олборлогч 40 гаруй иргэний өдөр тутмын ажил хөдөлмөртэй танилцан Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн талаар танилцуулав.

Насанд хүрээгүй хүүхдүүд ар гэрийн амьжиргааны түвшин муугаас сургуульд орох насандаа алтны уурхайд ажиллаж байгаа бол насанд хүрэгчид эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжил байхгүйгээс амьдрахын эрхэнд шороо малтаж суугаагаа ярьж байлаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ