Газар хөдлөлтөөс сэргийлэх цуврал сургалтуудыг явуулах нь зүйтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-04 18:35:13

Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний талаарх холбогдох албаныхны танилцуулгыг сонсов.  

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хэсгийнхний танилцуулга газар хөдлөлттэй холбоотой  нэлээд өргөн хүрээний асуудлууд багтав.  Тухайлбал, хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийн бүсэд байгуулсан геофизикийн станцуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах зардлын тооцоо, Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай дүүргийн газар хөдлөлийн бичил мужлалын зураг хийх ажлын танилцуулга, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах арга хэмжээний тухай танилцуулга оржээ.

Шадар сайд Ц.Оюунбаатар, “Төсөвт 100 гаруй тэрбум төгрөгийг шууд тусгахад хүндрэлтэй. Иймд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээлэл болон ерөнхий боловсролын сургуулиудаар цуврал сургалт явуулах мөнгийг эхний ээлжинд төсөвлөх нь чухал байна. Энэ асуудал бол газар хөдлөлтийн тухай мэдлэг, мэдээллийг хүний оюун ухаанд суулгаж өгөх эхний зорилт юм. Анхаарлаа хандуулах хоёрдугаар асуудал бол нурах дөхсөн хуучин барилгыг хэрхэх болон шинэ барилгуудын стандартын шаардлагыг хангуулах явдал юм” гэдгийг онцлов.

Эцэст нь Засгийн газар, орон нутгийн түвшинд газар хөдлөлттэй холбоотой асуудлыг шийдэхээр шилжүүлэх, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, нэн түрүүний ээлжинд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг УИХ-ын Төсвийн болон холбогдох байнгын хороонд танилцуулж, 2016 оны улсын төсвийн төсөлд багтаан шийдүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдлээ.  

   

Холбоотой мэдээ