“Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмыг 3000-4000 жуулчин үзэж сонирхоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-07-31 11:51:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 04-07-нд болох “Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмыг гадаадын 3000-4000 жуулчин үзэж сонирхоно гэдгийг Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн онцлов.
 
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй шашин, соёлын энэхүү наадмын талаар өнөөдөр НЗДТГ болон Гандантэгчинлэн хийдээс хамтран сэтгүүлчдэд мэдээллээ.
 
Наадмын үйл ажиллагаа ирэх сарын 3,4-нд Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурснаар эхлэх бол 5,6-нд олон нийт болон жуулчдад зориулсан тусгай хөтөлбөрийн дагуу хурал ном хурал, Хүрээ цам харайх ёслол, хүчит 256 бөхийн барилдаан зэрэг  арга хэмжээТөв цэнгэлдэх хүрээлэнд болох юм. 

Мөн Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” аялал жуулчлалын үзэсгэлэн, нийслэлийн 9 дүүргийн ардын авьяастнуудын “Монголын гайхамшигт урлаг” тоглолт болно. Түүнчлэн энэ үеэр лам нарын дунд унзад хоолойтны, голч, балин болон тосон урлалын тэмцээн, ном хаялцах мэтгэлцээн болох аж.

Хүрээ цамын хурлын уншлага, бүрээ бишгүүр тэргүүтэй хөгжимчид, бясалгагчид, цам цамнаачдад Гандантэгчинлэн хийдийн 120 гаруй лам хувраг Даншиг наадамд оролцох юм.
 
Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдыг татах Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болоод буйг зохион байгуулагчид хэлж байна. Өмнөх жилүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахад асар, майхан байрлуулах зэрэг ажилд төсөв их зарцуулдаг байсан бол энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах тул харьцангуй бага төсвөөр зохион байгуулж байгааг Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн ярилаа.

Гандантэгчинлэн хийдийн Их Шанзадва А.Ариунжаргал, “Даншиг наадам-Хүрээ цам бол эртний уламжлалтай, ёс заншилтай. Ёс заншил, номонд барилдсан, төгс төгөлдөр болсон ийм зүйлийн нэг хэсгийг та бүгдэд толилуулж байгаа юм. Эхний өдөр Очирваань бурхнаа тахина. Очирваань бурхан гэдэг нь Монгол орныг даасан их сахиус юм. Монголчуудынхаа сайн сайхныг даатган тахидаг. Хоёр дахь өдөр нь хүрээ цам тавина. Энэ зөвхөн багт наадам төдий зүйл биш. Бодит байдлыг гаднаас нь харж болох ч дотоод мөн чанарыг ойлгохын тулд сүсэгтэн олон түмэн хичээх ёстой. Муу бүгдийг дарж, сайн бүхнийг аривжуулах хамгийн хатуу заслын нэг юм. Дэлхийн өөр хаана ч байхгүй гайхамшигтай шашны томоохон соёл. Өргөн олон түмэн энэхүү шашин, соёлын арга хэмжээнд сүсэглэж, залбирч оролцох хэрэгтэй” гэдгийг тодотгов.
 
Наадмын тасалбарыг үнэ төлбөргүй тараах бөгөөд иргэдийг тасалбарт заасан дугаарын дагуу суудалдаа суухыг зохион байгуулагчид хэллээ. 
 

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ