Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг АН-аас эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-26 09:05:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг АН-аас эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, "Эрх баригчид Үндсэн хуульд хууль бус аргаар халдаж, хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ. Ингэхдээ эрх баригч МАН-аас өгсөн захиалгын дагуу хатуу тогтоосон зургаан сэдвийн хүрээнд “Зөвлөлдөх санал асуулга” гээчийг зохион байгуулж “Ард нийтийн санал асуулга” явуулахгүйгээр өөрсдийн явцуу эрх ашигт нийцсэн өөрчлөлт оруулахаар санаархаж байгааг сөрөг хүчин болон олон түмний зүгээс эрс эсэргүүцэж байна. 


Өнөөгийн эрх баригч хүчин олонх байхдаа буюу 2000 онд Эцэг хуульдаа долоон өөрчлөлт оруулсан нь “Дордохын долоон өөрчлөлт” хэмээн Монголын улс төр, нийгмийн түүхэнд хараар бичигдэн үлдсэн. Өнөөдөр энэ түүх давтагдах гэж буйд Ардчилсан нам, Ардчиллын төлөө зүрх сэтгэлээ зориулж ирсэн зуу зуун мянган гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын нийт ард түмэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлсээр байгаа билээ. Тиймээс эрх баригчдад дараах шаардлагуудыг тавьж байна. Үүнд:


Нэгдүгээрт, Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжаалж, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хүмүүстээ хариуцлага тооцож, энэхүү асуудлыг ард түмэнд нээлттэй ил тод мэдээлж, ёс зүйн болон эрх зүйн чадамжтай парламентын бүрэлдэхүүнээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэх;


Хоёрдугаарт, Гадаад дахь оффшор дансанд буй их хэмжээний мөнгөний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэн  эх оронд нь буцаан авчирч, оффшор данс эзэмшигчдийг нэрсийг ил тод зарлах;


Гуравдугаарт, 2000 оны “Дордуулахын долоон өөрчлөлт”-өө засч залруулах;


Дөрөвдүгээрт, “Ард нийтийн санал асуулга” явуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэсэг бүлэг хүмүүсийн бус ард түмний эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг шаардаж байна" гэжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ