Хоршооллын бага сургуулийн 60 жилийн ой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-25 18:56:28
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сум долоон багтай. Аймгийн төвөөс 45км зайд 6-р баг буюу Хоршоолол алслагдсан байдаг. Зургаадугаар багийн бага сургуулийн түүхт 60 жилийн ой боллоо. Тус сургууль нь 1957 онд Батцэнгэл сумын Баян-Уул бригадын баг сургууль болон байгуулагдаж байсан бөгөөд өдгөө цэцэрлэг, сургуулийн цогцолбор хэлбэрээр таван жилийн сургалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Хоршооллын сургуулийн олон төгсөгчдийн дундаас Болор цомын эзэн яруу найрагч, УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Монгол Улсын дархан аварга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Доктор Г.Лодой, МУГЗ Г.Жамц, МУСГЗ С.Даваадорж, улсын харцага Г.Батбаяр, улсын начин Г.Батбаатар зэрэг олон алдартнууд төрсөн байдаг. Эдгээр алдар цуутай эрхэмүүд төрөлх сургуулийнхаа ойд оролцсон юм. Сургуулийн түүхт ойгоор улсын төсвийн хөрөнгө оруулалт болон, аймгийн удирдлагуудын дэмжлэг бүхий 200 сая төгрөгөөр спорт, урлагийн заал ашиглалтад оржээ. Мөн эцэг, эхчүүдийн дэмжлэгээр цэцэрлэгийн гадна тохижилтийн ажлыг хийжээ. Сургуулийн ойд 400 орчим төгсөгч, зочид төлөөлөгч, ахмад ажилтнууд хүрэлцэн ирсэн байлаа.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ