90 минутын бичлэгийг хууль хяналтын байгууллага шалгахгүй байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-25 15:43:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмгөөлөгч Г.Баасан өнөөдөр "М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хууль үйлчилдэггүй” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. 
 
Тэрбээр, "60 тэрбумын гэх 90 минутын бичлэгийг олон улсын шинжээчид шалгаад дунд зэргийн өрөөнд хийсэн бодит бичлэг болохыг тогтоосон. Гэтэл энэхүү бичлэгт дуу хоолой нь орсон гэх эрхэмүүдийг хуулийн байгууллага дуудаж шалгахгүй байна. Миний бие уг бичлэг эвлүүлэг мөн бишийг тогтоох санаатай, мөн иргэн Г.Доржзодовыг эрх чөлөөтэй болгохоор ажиллаж байна. Ингэхэд МАН хууль хяналтын байгууллагыг атгаж, хэрэг хийсэн бол цайруулж, хэн нэгнийг хэрэгт хутгаж, буруутай үйлдлээ буруугүй мэтээр ойлгуулдаг болжээ. 

Үүний зэрэгцээ иргэн Г.Доржзодов МАН-д элсч байсан эсэхийг тодруулахаар удаа дараа МАН-д хандсан ч лавлагаа гаргаж өгөөгүй. Бусад намууд гэтэл "Манай намд элсч байгаагүй" гэсэн лавлагаагаа цаг хугацаанд өгсөн байдаг.
 
Түүнчлэн зургадугаар сарын 14-ний шөнө УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн гэрийг тагнуул цагдаагийнхан бүсэлсэн. Бүсэлсэн шалтгааныг тогтоохоор дээрх байгууллагуудад хандсан. Гэтэл МАН-аас тавьсан хүсэлтийн дагуу тэдний гэрийг бүсэлсэн гэсэн хариу өгсөн. Тиймээс цагдаагийн байгууллагын удирдлагад Г.Доржзодовыг хамгаалалтад авсан нэрээр халдлага хийсэн тухай бусад баримт байгаа эсэхийг тодруулахаар хандаад байна.
 
Өнөөдрийн хууль хяналтын байгууллагуудын толгой удирдлага ялзарчээ. Тиймээс Ерөнхийлөгчийг шүүх, прокурор, АТГ-ын, Ерөнхий сайдыг тагнуул цагдаагийн удирдлагыг шинэчлээч гэсэн хүсэлт гаргаж байна. 

Мөн 90 минутын эх бичлэгийг шалгуулахаар зохих байгууллагад нь өгөөд байна. Бичлэгийн үнэн бодит эсэхийг тогтоож, иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй" хэмээв. 
 
Б.Туул
Холбоотой мэдээ