Ерөнхийлөгч Х.Баттулга Монголч эрдэмтийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-21 16:52:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгаа”-ны Олон Улсын Эрдэм Шинжилгээний хуралд оролцсон олон улсын монгол судлаач эрдэмтдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Судлалын Холбооны дэд Ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашдаг юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр хэлэхдээ “Би Монгол Судлалын Холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод жил гаруй болж байна. Монгол судлалыг сэтгэл зүрхнээсээ дэмжих бодолтой явдаг. Археологи, Монголын түүх, монгол соёлын талаар боломжийнхоо хэрээр судалгаа явуулж, дэлгэрүүлэх тал дээр ажилладаг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн, талархсан захидлуудыг тань хүлээн авсан. Та бүхэнд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд олон улсын монгол судлалыг цаашдаа дэмжиж, шинэлэг, онцлогтой нөхцөл байдлуудыг бүрдүүлж ажиллая гэсэн бодолтой байгаа. Ази, Европ, АНУ дахь монгол судлал гэсэн гурван том чиглэлээр гол ажлаа хийе гэсэн бодолтой байна. Эрдэмтдийн дунд жил бүр тодорхой сэдвээр уралдаан зарладаг байя гэх зэрэг ажил төлөвлөж байна” гэлээ.

ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга С.Чулуун "Монгол судлалын олон улсын хуралд оролцсон төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанд Ерөнхийлөгч танд баярлалаа. Өнөөдрийн хуралд Олон улсын монгол судлалын холбооны голлох хүмүүс хүрэлцэн ирсэн” хэмээгээд хүндэт  зочдыг танилцуулав.
“Наками Тацуо, Япон Улсын Токиогийн Гадаад судлалын их сургуулийн эрдэмтэн. Ази, Африк судлалын хүрээлэнгийн профессор, БНПУ-ын Варшавын их сургуулийн монгол судлалын төвийн дарга, эрдэмтэн Агата Барея-Старжинска, АНУ-ын Калифорнийн их сургууль, Санта Барбараас Весна А.Валлас  Монголын буддизмыг голлон судалдаг. Анна Дамдиновна Цендина, Цэндийн Дамдинсүрэнгийн охин. ОХУ-ын нэртэй монголч эрдэмтэн, С.Яхонтова ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Санкт-Петербургийн Улсын их сургуулийн эрдэмтэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос ирсэн эрдэмтэн Дарханхүү, БНУУ-ын Будапештын Өтвөш Лорандын их сургуулийн эрдэмтэн Телеки Кристина, БНЧУ-ын Прагын Монгол судлаачдын төлөөлөл Ондрей Срба, ОХУ-ын Улаан-Үдийн монгол судлаачдын төлөөлөл А.А.Базаров, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний номын сангийн эрдэмтэн, Данжуур номыг судалж байгаа Сэцэнбилиг, Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн Монгол судлалын төвийн дарга Цогт, Япон Улсын Отани их сургуулийн профессор, маш олон жил хадны бичиг, Хархорин хотын бичээс зэргийг судалж буй Такаши Мацүкава, БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургуулийн монгол судлаач Хурц, ХБНГУ-ын Улсын Төв номын сангийн профессор Михаэл Балк, Варшавын их сургуульд олон жил ажиллаж буй Монголын буддизм, судар ном судлаач Р.Бямбаа, Кембриджийн Их сургуулийн эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч Урадын Э.Булаг нарын эрдэмтэд хүрэлцэн иржээ.

Уулзалтын үеэр эрдэмтдийн төлөөллөөс үг хэлэв.

ОХУ, Москва хот дахь Оросын Хүмүүнлэгийн их сургуулийн эрдэмтэн Анна Цендина:

-Юуны түрүүнд та Монголчуудын олонхийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тань баяр хүргэе. Би ОХУ-ын монгол судлаачдыг төлөөлж ирлээ. ОХУ дахь монгол судлал олон зуун жилийн түүхтэй гэж хэлж болно. Сайхан эрдэмтэд олон байсан. Надтай хамт одоо ч ажиллаж байна. Залуучууд сүүлийн үед Монголыг их сонирхох болсон. Үүнийг би их сургуульд ажилладаг хүний хувьд хэлж байгаа юм.

Өмнө нь монгол хэлний ангид элсэх хүүхэд цөөн байлаа. Одоо 10, 20, 30-аараа суралцахаар ирж байна. Харамсалтай нь цалин хэцүү байгаа. Тэр талаар монгол судлал, ер нь нийгмийн ухааны салбар ядруу байдалтай байдаг. Гэхдээ бид чармайж ажиллаж байна. Миний бодлоор монгол судлал шиг сайхан салбар байхгүй.

“Шар тууж”-ийн эх Санкт-Петербург хотод хадгалагдаж байдаг. Түүнийг бид ОХУ-д Монгол судлалын сангийн дэмжлэгээр шинээр хэвлүүлсэн. Тэр номыг таньд барья. Цаашид та монгол судлалыг марталгүй ивээж, анхаарч яваарай гэж хүсье.

БНПУ-ын Варшавын их сургуулийн монгол судлалын төвийн дарга, эрдэмтэн Агата Барея-Старжинска:

-Манай  Варшавын их сургуулийн Дорно дахины факультетын монгол судлалын төвийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч танд баяр хүргэж байна. Та Монгол Судлалын Холбооны дэд Ерөнхийлөгчийн хувьд бидний ажлыг дэмжиж ажиллаарай. Ганжуур судлалын хурал сая маш их сонирхолтой боллоо. Хоорондоо санал солилцож бие биеэсээ их зүйл сурлаа.

БНУУ-ын Будапештын Өтвөш Лорандын их сургуулийн эрдэмтэн Телеки Кристина:

-Юуны өмнө танд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Ажлын амжилт хүсье.

Япон Улсын Отани их сургуулийн профессор Такаши Мацүкава:

-Монгол, Японы хамтарсан “Бичээс” төсөл 20 гаруй жилийн хугацаанд Монголын нутаг дэвсгэрт буй янз янзын үсэг, бичгээр бичсэн хөшөөг судалсан. 2020 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэнэ. 800 зуун жилийн ойн гэрч болох нэг гэрэлт хөшөө бий. Гэхдээ тэр хөшөө хагархай. Энд тэнд тарсан. Тэр хөшөө Хархоринд байгаа нэг яст мэлхийн хөшөөний нуруун дээр тогтож байсан. Түүнийг сэргээх ажлыг анхаарахыг хүсье.

Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн Монгол судлалын төвийн дарга Цогт:

-Манай сургууль бол БНХАУ-ын 56 үндэстний оюутан суралцдаг том сургууль. Сургууль маань монгол судлалын төвтэй. Бээжин дэх монгол судлалын нэг том төв юм. Багш, оюутан нийлээд 300 орчим. Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Манай монгол судлалыг анхаарч үзээрэй” гэв.

Уулзалтын дараа монголч эрдэмтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт дурсгалын зураг татууллаа.

Холбоотой мэдээ