Хэрэгжих боломжтой, үр ашгаа өгөх төсөлд зээл олгоно гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-20 14:54:55
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас 2017 оны Сум хөгжүүлэх сангаас зээл олгох төсөл сонгон шалгаруулалтыг ирэх наймдугаар сард зарлахаар төлөвлөжээ.
Хүмүүсийн амьжиргааг дэмжих, ажилтай орлоготой байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн жилийн гурван хувийн хүүтэй зээлийг гурван жилийн хугацаанд бизнес эрхлэгчдэд олгож эхэлсэн ч зээл олгохдоо тухайн төсөл арга хэмжээний хэрэгжих үндэслэлийг тооцоогүй, зээлийн хөрөнгийг  шаардлагатай эзэнд нь олгоогүй, эргэн төлөлтөд хяналт тавиагүй улмаас зээлийн эргэн төлөлт удааширч  нийт 1.2 тэрбум төгрөгийн авлага үүссэн байдаг.
Албаныхан  зээл эргэн төлүүлэх чиглэлээр шат дараатай ажил хийсний үр дүнд 200 орчим сая төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн дансанд хуримтлуулжээ. Энэ талаар Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр,”Зээл эргэн төлүүлэх чиглэлээр бид нэг жил гаруй хугацаанд ажиллаж  данс нь улайчихсан байсан Сум хөгжлийн дансанд  200 гаруй сая төгрөгийг  төвлөрүүллээ. Журмын дагуу сангийн 20 хувийг бүрдүүлснээр төсөл сонгон шалгаруулалт зарлах эрхтэй болдог.
Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийг шинэчилж байгуулсан. Ирэх наймдугаар сард зээл олгохоор сонгон шалгаруулалт зарлана. Бид хэрэгжих үндэслэлтэй, үр ашгаа өгөх төслүүдэд зээл олгоно”  гэв.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ