Дархан сумын гурван багт нөхөн сонгууль явагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:30:23

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Нөхөн сонгууль зарлах тухай” асуудлыг хэлэлцэж товыг нь батлав.

Монгол улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын дагуу уг асуудлыг хэлэлцжээ. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийг сонгох Дархан сумын долдугаар баг, 13 дугаар баг, “Өргөө” багуудын нөхөн сонгуулийг энэ сарын 22-ний өдрийн “Ням” гарагт явуулахаар тогтоож уг нөхөн сонгууль явуулах зардлыг нь гаргахыг аймгийн Засаг даргад даалгав. Мөн нөхөн сонгууль явуулах аймгийн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлаж Нөхөн сонгуулийн хорооны даргаар аймгийн НХҮХ-ийн дарга Ж.Ганболд ажиллах бол нарийн бичгийн даргаар нь ОНӨА-ны дарга Д.Батсүх ажиллахаар болжээ. Түүнчлэн гишүүдэд таван хүнийг батлаж “Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль”, заавар журам, ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг нөхөн сонгуулийг зохион байгуулах Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд үүрэг болгосон.” Одоогийн байдлаар нөхөн сонгуулийн салбар хороо, хэсгийн хороод маань Улсын бүртгэлийн хэлтсээс сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх ажлыг эхлүүлсэн” гэж Нөхөн Сонгуулийн хорооны дарга Ж.Ганболд ярилаа.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ