М.Энхболд санал хураалтын дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа олон нийтэд зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-07-08 18:10:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд санал хураалтын дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа олон нийтэд зарлав.

Тэрбээр, “МАН болон нэр дэвшигч миний бие Монголын ард түмний сонголтыг хүндэтгэн хүлээн авч байна. Энэ сонгуульд намайг дэмжсэн иргэдэд талархал илэрхийлье. МАН энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй ч Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн биелүүлж, эдийн засгийн хямралыг даван ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө ажиллана гэдгийг тэмдэглэн хэлэх  байна. УИХ-ын даргын хувьд СЕХ-ноос сонгуулийн дүнг УИХ-д өргөн барьсан даруйд ээлжит бус чуулганыг зарлаж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулах  ажлын хэсгийг байгуулна.Энэ арга хэмжээг Үндэсний их баяр наадмын өмнө шуурхай зохион байгуулна. Ирэх долоо хоногийн нэг дэх өдөр буюу энэ сарын 10-нд шинэ Ерөнхийлөгчийн тангарагийг өргүүлэх ёслолын арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөж байна. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тамга хүлээлцэх талаар санал бодлоо солилцсон. Энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагаа тангараг өргөх, тамга хүлээлцэх ёслолоор өндөрлөнө. Ингээд Монголынхоо нийт ард түмнийг удахгүй болох Үндэсний их баяр наадмаар сайхан наадахыг ерөөж байна” гэлээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ