Шөнийн нислэгээр нийт 986 сонгогчийн санал ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хоёр дахь шатны санал хураалтын эцсийн дүн гарахад зөвхөн нэг хэсгийн хорооны мэдээ хүлээгдэж байна.
Энэ сарын 4-5-нд хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд дахин санал хураалтад оролцож саналаа өгсөн. Нийт 3000 орчим санал Сонгуулийн Ерөнхий хороонд хүргэгдэн ирж нэгтгэгдэх ёстой.
Гэвч Болгар, Египит, Киргиз, Кувейт, Казахстан, Турк улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн нийт 986 саналыг СЕХ хараахан хүлээж аваагүй байна. Учир нь өнөө өглөө 10:05 минутад буух байсан “Тurkish airlines” компанийн нислэгийн хуваарь хойшилж, 23 цагийн үед Улаанбаатарт газардахаар болжээ.
СЕХ хилийн чанадад санал өгсөн монгол иргэдийн саналыг өчигдөр орой 22 цагаас эхлэн тоолсон. Одоо дээрх саналуудыг нэмж тоолсноор Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн мэдээ эцсийн байдлаар гарах юм.
Энэхүү нөхцөл байдлаас хамаарч сонгуулийн дүн мэдээ эцэслэн гарахад нэлээн сунжирч байгаа ч СЕХ өнөөдөртөө багтаж дүнг зарлах чигтэй ажиллаж байгаа аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал