Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-06 17:11:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
 
Хөтөлбөр нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын нэг хэсэг юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэг рүү чиглүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн өрхийн нэгдсэн мэдээллийн баазыг шинэчлэх зэрэг нийт 18 бодлогын арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Уг хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкнны 150 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. 
 
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлэх ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувийн саналаар батлав. Энэхүү хөтөлбөрийг урьдчилсан байдлаар Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тохироод байгаа агаад зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм.
 
Мөн хуралдаанаар Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.  Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /КАРЕК/ хөтөлбөр нь гишүүн Төв Азийн 11 орон (Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казакстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан) олон талт хамтын ажиллагааны 6 байгууллага (Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын валютын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Исламын Хөгжлийн банк)-ын дэмжлэгтэйгээр бүс нутагт ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор 2001 онд бий болжээ. Манай улс уг хөтөлбөрт 2002 онд элссэн байна.
 
Хөтөлбөрийн гишүүн орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2020 он хүртэл хамтран ажиллах стратеги, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон баримт бичгийг боловсруулан Сайд нарын уулзалтаараа 2011 онд батлуулан хэрэгжүүлж байгаа аж. Тус стратегийн баримт бичиг нь “Сайн хөрш, Сайн түнш, Сайхан ирээдүй ” гэсэн алсын хараа, түүнд хүрэх стратегийн 2 түвшний зорилгыг тодорхойлжээ. Стратегийн энэхүү 2 түвшний зорилгын хүрээнд гишүүн орнууд нь үйл ажиллагааны 7 тэргүүлэх чиглэлийг тодорхойлон бүс нутгийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж, тодорхой төслүүд хэрэгжүүлж байгаа юм байна.
 
Стратегийн баримт бичгийн дагуу 2015 оны 3 дугаар сард БНХАУ-ын Шинжаан Уйгар аймгийн Өрөмч хотод КАРЕК Институтийг анх үүсгэн байгуулсан бөгөөд үйл ажиллагааг нь урт хугацаанд тогтвортой явуулах, гишүүн орнуудын оролцоог ижил байлгах зорилгоор олон улсын бие даасан байгууллага болгох асуудал хөндөгдөж, уг үүднээс Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс зэрэг 3 улс “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулан соёрхон батлуулснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ.
 
КАРЕК Институт нь гишүүн орнуудын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулахаас гадна хөтөлбөрийн хамтын ажиллагаанд шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлыг хийх үүрэгтэй бөгөөд институтийг бие даасан олон улсын байгууллага болгох ач холбогдол нь хамтын ажиллагааны чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох, шийдвэр гаргах, батлахад гишүүн орнуудын оролцоог ижил түвшинд хангах боломжийг нээж өгч байгаа учраас Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Институтийг  үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн байна.
 
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь нь дэмжиж, хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Холбоотой мэдээ