Баяр наадмын тасалбарыг энэ сарын 8,9-нд дөрвөн салбараар худалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-07-05 14:22:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбараар худалдана.

Өнгөрсөн жилүүдэд СТӨ, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалддаг  байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан юм. Иймээс энэ жил иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ.
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Өмнө нь хоёр цэгт тасалбар борлуулахад иргэд хонож дугаарлан, бухимдал маш их үүсдэг байсан. Энэ жил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбараар худалдаалснаар иргэд өөрийн амьдарч байгаа дүүргийнхээ нутаг дэвсгэрт ойролцоо цэгээс авах боломж бүрдэнэ. Иргэдэд илүү хүртээмжтэй байна гэж бид үзэж байна. Мөн тасалбарыг дамалж худалдаалах байдал намжина гэж тооцоолсон. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо бага.Нийслэлийн иргэд олон учраас бид иргэдэд аль болох хүртээмжтэй байхыг нь бодож өмнөх жилүүдийн адил нэг хүнд хоёр тасалбар худалдаална” гэлээ.
 
Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3000 гаруй нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулна.
 
Баяр наадмын тасалбарын үнийн хувьд энэ сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх юм.

Ж.Болор
Холбоотой мэдээ