Монголын шилдэг зөн билэгтэн энэ ням гарагт тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-07-04 12:59:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. NTV телевизийн албан ёсны эрхтэй зохион байгуулж буй "Зөн билгийн тулаан-Монголд" шоу нэвтрүүлгийн шилдэг зөн билэгтэн энэ сарын 09-ний ням гарагт тодорно.

Энэ талаар тус шоуг зохион байгуулагчид болон шилдэг дөрвөн оролцогч мэдээлэл хийлээ.

Тус нэвтрүүлгийн ерөнхий продюссер С.Ангараг хэлэхдээ, “NTV байгуулагдсан цагаасаа “Оросын зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг албан ёсны эрхтэй орчуулан үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл энэ удаа “Зөн билгийн тулаан-Монголд” нэвтрүүлгийг албан ёсоор бэлтгэн хүргэх дэлхийн 22 дахь орон болж, өнгөрсөн хавраас эхэлсэн. Нэвтрүүлгийн талаар үзэгчдэд Оросын зөн билэгтэн гэсэн ойлголтоор хүрч байсан бол энэ удаа монголын зөн билэгтнүүдийн авьяас чадварыг сорьж, тэдний ур чадварыг үзэгчдэд таниулах зорилготой. Зураг авалт, зохион байгуулалт, зөн билэгтнүүдийн сорил бүгд олон улсын стандартын дагуу явагдсан” гэдгийг онцлов.

Мөн тэрээр “Энэ нэвтрүүлгээр хэн нэгнийг маш сайн зөн билэгтэн, та үүнд итгэх ёстой, танд өөрчлөлтийг авчирна, танд хэрэгтэй хүн гэх мэт сурталчлах зорилго агуулаагүй. Мөн мухар сүсэгт автан хэн нэгнийг даган дууриахаас ангид байлгахыг зорьсон” гэв.

Монгол хэв маягийг шингээсэн стандарт, өнгө дизайны цогц шийдэл бүхий болор цом шилдэг зөн билэгтэнд очно.
Энэхүү шоу нэвтрүүлэгт нийт 200 гаруй оролцогч бүртгүүлж, эхний шатанд 60 оролцогч шалгарснаас өдгөө эцсийн шатанд Т.Алтанцэцэг, Г.Анударь, Н.Батцэнгэл, Б.Эрдэнэсан нар шалгарч үлдээд байна. Тэд энэхүү нэвтрүүлэгт хэрхэн оролцох болсон зорилго шалтгаанаа ийнхүү ярьж байна.

Оролцогч Т.Алтанцэцэг: Энэхүү шоунд далдын мэдрэмж, хүч маань монголын зөн билэгтнүүдийн дунд аль хэмжээнд байгааг мэдэх, бөө мөргөл, бөөгийн ёс заншлыг зөв талаас нь тайлбарлах, ойлгуулахыг зорьж оролцсон.Нэвтрүүлгийн хувьд сорил тэмцээн хамгаалалт сайтай, шударга явж байна.

Оролцогч Г.Анударь: Миний хамгийн том зорилго бол өөрийн зан үйлээ таниулахыг хүссэн. Харын шид гэдэг нь хараал жатгатай холбоогүй, сайн сайхны төлөө гэдгийг хүмүүст эерэг талаас нь ойлгуулахыг зорьсон. Дэлхий дээрх бүх шашны урсгал нэг чигт байдаг. Шулам гэдэг нь эхийнхээ талаас өвөлж төрдөг удамшлын зүйл. Удамд нь  чадвартай хүмүүс байсан гэсэн үг. Шулмын чадвар бол ээж талаа дагаж төрдөг.

Оролцогч Б.Эрдэнэсан: Миний бие энэ нэвтрүүлэгт монголын бөө мөргөлийг залуус хэрхэн авч явж байгааг харуулах, мөн өөрийгөө хэр хэмжээнд явж байгааг сорих гэж оролцсон. Миний хэтийн зорилго бол улс орон, ард түмэндээ бага ч атугай тус дэм болох, мөнх хөх тэнгэрээ шүтэж, байгаль дэлхийгээ хайрлахын гайхамшгийг залууст мэдрүүлэхийг хүсдэг. Зорилгын маань суурь нь энэ тэмцээн болж өглөө. 

Оролцогч Н.Батцэнгэл: Онго тэнгэрийн хүчийг ашиглахгүйгээр зөвхөн өөрийн хүч чадлаар ямар хэмжээнд явж байгаагаа сорихыг хүссэн. Өөрийгөө ямар хэмжээнд явж буйгаа их сайн мэдэрлээ.Онго тэнгэр буух бүртээ улаачид мэлмий, хүч чадал хайрладаг. Үүнийг өөрийн хэр хэмжээнд хурааж, ард түмэндээ эерэгээр түгээхийг зорьсон. Онго тэнгэрийн хүчээс авсан өөрийн биед ирж байгаа хүч чадлыг эерэгээр ашиглаж байгаа.

Нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс 15-85-95 тусгай дугаарыг өнгөрсөн сарын 26-наас нээн ажиллуулж байгаа бөгөөд үзэгчид өөрийн дэмжиж буй оролцогчийн хувийн дугаарыг мессежээр илгээн саналаа өгөх юм. Үзэгчдийн санал зөн билэгтний нийт онооны 30 хувийг бүрдүүлэх аж.

Долоо хоногийн бямба, ням гарагийн үдэш үзэгчдэд хүрч буй тус нэвтрүүлгийн нэг дугаарыг дунджаар 150 мянга гаруй хүн үзэж байгаа аж. Харин давтагдсан тоогоор 2.7 сая хүнд хүрчээ.

Шилдэг зөн билэгтнийг үзэгчдийн мессеж санал, шүүгчдийн бүрэлдэхүүн, ажиглагчдын санал асуулга болон сорил бүрийн үр дүнг эргэн харж тооцсоны үндсэн дээр шалгаруулна.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр


 
Холбоотой мэдээ