Сүхбаатар суманд 3000 орчим зээр харангадаж үхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-03 10:07:23
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд хэт их халсанаас болж тал хээрийн амьтад тэр дундаа зээр хатаж, харангатан үхэх явдал их гарч байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гэхэд хэдхэн хоногийн хугацаанд 3000 орчим цагаан зээр хатаж үхжээ. Тиймээс сумын байгаль хамгаалагчийн зүгээс эхний ээлжинд малчдыг оройн цагаар худгийн онгоцоо тогтмол устай байлгаж хэвшихийг  уриалжээ.

“Манай суманд зургаа, долоодугаар сард зээрийн нүүдэл харьцангуй бага байдаг. Харин энэ жил хаа сайгүй хур бороо багатай, хуурайшилт ихтэй холбоотойгоор дамжин өнгөрөх, нутаглах нь их байна. Зээрийн сүэрг худаг устай газрыг бараадан, сүүлдээ айлын хотруу хүртэл гүйж очдог болсон.  Нэг үгээр хэлбэл усгүйдэж хатсандаа хүн амьтанаас үргэхээ больж, эцэж сульдсан  гэсэн үг л дээ. Сумын төвөөс 30 хүрэхгүй километр яваад маш их үхсэн зээртэй таарч байна. Мөн ширгэсэн цол, нуурын шаварт шигдэж үхсэн тохиолдол ч элбэг байна. Зөвхөн манай суманд гэхэд ойролцоогоор 3000 орчим зээр үхээд байна. Бид хөрөнгө мөнгөгүйн улмаас эдгээр үхсэн зээрийн сэг зэмийг бүрэн устгалд оруулж чадахгүй байна. Энэ байдалд даруй арга хэмжээ авахгүй бол халдварт өвчин тархах эрсдэлтэй. Одоогоор зам дагуу, айлын хотонд ойр үхсэн зээрийг сэгийг зайлуулах, энгийн аргаар малчидтай хамтран устгаж байна. Цаашид бид хиймэл нуур, цөөрөм байгуулах ажлыг хийхээр төлөвлөөд байгаа. Гэхдээ энэ бас тийм амар ажил биш. Хүмүүс, нутгийн ард иргэд, малчдын дэмжлэг туслалцаа их хэрэгтэй. Эхний удаад малчдыг худгийн онгоцоо тогтмол устай байлгах заавар зөвлөгөөг хүргүүлэн ажиллаж байна...” хэмээн Сүхбаатар сумын байгаль хамгаалагч С. Ганбулган хэллээ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ