Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн журмыг шинэчлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 16:15:58

Өвөрхангай аймагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг шинээр баталж, 2016 оны 1 сарын 1-ээс эхэлж мөрдөхөөр боллоо.

Журамд зааснаар архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн иргэн сумынхаа ИТХ-д хүсэлт гаргах бөгөөд хурлаас тухайн цэгийн орчим амьдардаг 50-иас доошгүй иргэдийн дунд түүвэр аргаар судалгаа явуулан ихэнх нь зөвшөөрсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн захиргааны актаар баталгаажуулан 10 хоногийн дотор аймгийн Засаг даргад хүргүүлэхээр заажээ.

Аймгийн Орон тооны бус зөвлөл тухайн материалыг  хүлээн авч 30 хоногийн хурлаараа хэлэлцэн шийдвэр гаргах аж.  Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэг нь гадна, дотроо камертай байх ба холбогдох хууль, дүрэм, журмыг 3 удаа зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хуулийн дагуу хариуцлага тооцохоор заасан байна.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн журмыг анх 2005 онд ИТХ-ын 79 дүгээр тогтоолоор батлан өнөөг хүртэл баримталж байгаа бөгөөд 2016 оны эхний өдрөөс хүчингүй болгохоор тогтоол гаргажээ.

                             Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ