Тавантолгойн ногдол ашгийг энэ ондоо багтаж иргэддээ хуваарилах бололцоо бүрдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-30 16:59:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаарх асуулгад хариу өгөв.
 
Ерөнхий сайд энэ үеэр манай улс өнгөрөгч 5 дугаар сарын 24-нөөс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.  Энэ хөтөлбөр гурван жилийн хугацаатай бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас 434.3 сая ам.долларын санхүүжилтийг төлбөрийн тэнцлийг дэмжих зориулалтаар олгохоос эхний хэсэг болох 38.6 сая долларын санхүүжилт аваад байна. 
 
Хөтөлбөр хэрэгжсэнээр 2016 оны гуравдугаар улирлын байдлаар -1.6 хувьд хүрч байсан эдийн засаг 2016 оны эцэст 1.2 хувь, 2017 оны эхний улирлын байдлаар 4.2 хувийн бодит өсөлт үзүүллээ" хэмээн мэдээлсэн. Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүд сонирхсон асуултад хариулт авав.
 
УИХ-ын гишүүн Н.Энхболд, "Бидэнд улс төрийн тогтвортой байдал чухал. Өмнөх хэд хоног алгуур буурч байсан ам.долларын ханшийн уналт зогслоо. Ам.долларын ханшийг улстөрийн тогтвортой байдалтай хэр харшуулж тооцож байна вэ" гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, "Ханшийг өнгөрсөн жилүүдэд хүчээр барих гэж оролдсон. Үүнээс хамааралтай сөрөг үзэгдэл гарч байсан тал бий. Эдийн засаг 4.2 хувиар өссөнд уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөө байхгүй. Уул уурхайн салбарт өсөлт гарсан бол эдийн засаг 6 хувийн өсөлт үзүүлэх байсан" гэсэн хариултыг өглөө. 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа, "Гадаад дахь томилолтын үеэр гадны улс төрийн лидерүүд Монгол Улс улс төрийн тогтвортой байдлаа хангаж ажиллах хэрэгтэй гэсэн үгийг хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар богино хугацаанд сайн ажилласан. Гэхдээ гаргасан амжилтдаа ханалгүй сайн ажиллаарай" хэмээн захьсан бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Сонгуулийн дараа ам.доллар 30 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ийм байдлаар бид урагшлахгүй. Ерөнхий сайд бодлогын түвшинд хэтийн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй" гэв.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Амарзаяа 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд хэзээ хүртээхийг тодруулсан. Үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, "Тавантолгой компани ашигтай ажиллаж байгаа. Тавантолгой компаниас энэ ондоо багтаж иргэддээ ногдол ашиг хуваарилах бололцоо бүрдэнэ" хэмээн хариулж байв. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин уг асуулгын Ерөнхий сайдад хандаж тавьсан бөгөөд тэрбээр асуулгын төгсгөлд хүүхдийн мөнгийг олгох тухай асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэллээ.
Б.Туул
 
 
 
Холбоотой мэдээ