Тэтгэврийн насыг уян хатан болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-29 17:03:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
 
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчийн тэтгэврийн насыг уян хатан тогтоохоор  өөрчлөлт оруулахаар тусгажээ. Эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч хүсвэл 60-65 нас хүртлээ ажиллаж болохоор зохицуулах юм.
 
Үүнтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг одоогийн хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүчингүй болгож, ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ. 
 
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хариулснаар, эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажиллаад өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох бөгөөд  хүсвэл 60-65 нас хүртлээ ажиллаж болохоор зохицуулж буй нь нийгмийн хүсэлт хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй аж. ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй үед эдийн засгийн өсөлт хасах руу орсон байсан хэмээн тэрбээр тодотгосон бөгөөд одоо эдийн засгийн өсөлт 4-4.5 хувь болж нэмэгдсэн болохоор дээрх зохицуулалтыг хийх бололцоотой болоод буй аж. 
 
Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ.

Холбоотой мэдээ