Хоёр дахь шатны санал хураалтыг наашлуулах саналтай байгаагаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-27 19:00:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АН-аас өнөөдөр Төрийн ордонд сонгуультай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 
АН-ын дарга С.Эрдэнэ “Энэ удаагийн сонгууль тэгш бус байдал дунд болж өнгөрлөө. Төрийн албан хаагчийг эрхэлж байгаа ажлаар нь барьцаалах, гар утсаараа саналын хуудасныхаа зургийг авч авчирч үзүүлэхийг шаардах, нэг төрийн албан хаагч таваас доошгүй хүнээр санал өгүүлэх зэргээр дарамталсан. Мөн сонгогчдын саналыг авах зорилгоор мөнгө тараасан зэрэг хууль бус үйлдэлд албан ёсны хариу шаардана. Энэ удаагийн сонгуульд 500 мянга гаруй иргэн нэр дэвшигч Х.Баттулгын төлөө саналаа өгсөн. Иймд нийт санал өгсөн иргэддээ хандаж АН-ын удирдлагын өмнөөс талархсанаа илэрхийлье” гэлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, "Ирэх сарын 9-ний өдөр хоёр дахь санал хураалтыг явуулахаар СЕХ-ноос товлосон байна. Энэ өдрүүдэд баяр наадмын ажиллагаа эхэлсэн өдөр таарч байгаа нь оновчгүй гэсэн шаардлагыг бид хүргүүлсэн. Ирэх сарын 9 нь амралтын өдөр таарч байгаа. Үүний оронд 7 дугаар сарын 5, 6-ны өдөр буюу ажлын өдрөөр санал хураалтыг явуулах нь зүйтэй" хэмээв.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга хоёр дахь шатны санал хураалтыг Үндэсний их баяр наадамтай хамт зохион байгуулж байгаа нь ирц хүргэхгүй гэсэн башир арга хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн бол АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежер Я.Санжмятав мөн үеэр хэлэхдээ дараагийн шатны санал хураалтад тус намын нэр дэвшигчийг дэмжиж, АН-тай хамт байгаарай хэмээн уриалав.

Б.Туул

Холбоотой мэдээ