Аймгийн төвийн сонгогчдын ирц тааруу байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-26 18:04:33
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуульд аймгийн хэмжээнд 24938 хүн саналаа өгч ирц 42,55 хувь, аймгийн төвд 38 хувьтай байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Сонгогчдын идэвх хөдөө сумдад харьцангуй сайн байгаа бол Өлгий хотын иргэд энэ удаагийн сонгуульд идэвх муутайхан оролцож байна. Баяннуур, Бугат, Дэлүүн, Сагсай сумдын Сонгуулийн хороодоос сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн талаар мэдээ ирүүлжээ. Өлгий сумын Сонгуулийн хорооны зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цагаан хоолой ашиглаж иргэдийг сонгуульд оролцохыг уриалах арга хэмжээ авч байгаа аж.

Мөн сонгуультай холбоотой 5 зөрчил бүртгэгдсэнээс 2-ыг нь шүүхэд шилжүүлж, 3 нь ажиллагааны явцад байгаа талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас өглөө. 

Хэсгийн хороодод ямар нэгэн маргаан, саад бэрхшээл гараагүй, санал авах ажиллагаа хэвийн явагдаж байна.  
 
Ө.Нурболат

Холбоотой мэдээ