Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг дахин хөндөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-02 13:12:15

УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Бие даагч гишүүдийн зүгээс цалин, тэтгэврийг валютын ханш, инфляцийн өсөлттэй уялдуулан нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа тухай Ц.Даваасүрэн гишүүн мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Хөдөөгийн хөгжил хөтөлбөр”-ийн хоёр дахь санхүүжилтийн чиглэлээр Азийн хөгжлийн банкнаас зээл авах хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ. Энэ хөтөлбөр нь хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 150 мянгаас 2 сая төгрөгийн зээл олгох юм. Энэ долоо хоногт Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримтлах бодлогыг батална. Уул уурхайн эдийн засагт үзүүлэх нөлөө муу байгаа тул  экспортын чиглэлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ илүү дэмжиж, хөгжүүлэх ёстой. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Хөдөөгийн хөгжил хөтөлбөр”-ийн хоёр дахь санхүүжилт чухал үүрэгтэй.

Мөн “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийг Азийн хөгжлийн банкнаас авах хэлэлцээрийн төсөл бий. Эдийн засгийн хямралтай үед нийгмийн халамжийн чиглэлийн хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн гадаадын санхүүжилтийг алдаж болохгүй. Миний бие өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэлийн захын гэр хорооллуудаар явж ажиглалт хийсэн. Тэгэхэд иргэд дэлгүүрээс талх хувааж авч байна. Энэ бол амьдрал хэр хүндэрч байгааг харуулж байна. Тиймээс энэ зээлийн төслийг дэмжиж байгаа.

Дээр дурьдсан хоёр зээл 30 хувийн хөнгөлөлттэй орж ирж байгаа. Тиймээс энэ өрийн босгод төдийлөн нөлөөлөхгүй” гэлээ.

Тэрбээр, “БНХАУ-ын Экспорт, импорт банкнаас нэг тэрбум ам.долларын зээл авах асуудал яригдана. Энэ хөрөнгийн Эгийн голын усан цахилгаан станц болон Хөшгийн хөндийн автозамын бүтээн байгуулалтад зарцуулна. Монгол Улс эрчим хүчний салбараараа ОХУ-аас байнга хараат байгаа. Эгийн голын усан цахилгаан станц байгуулснаар ОХУ-аас эрчим  хүчний хувьд хараат бус болно.

Өнөөдөр ядуурал бий болох нөхцлийг Монголбанк бүрдүүлсэн. Хэдхэн жилийн өмнө 1 ам.доллар 1300 төгрөг байсан өнөөдөр 2000 төгрөгтэй тэнцэж, 700 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь нүүрс, алт, зэс гадаадад экспортлож байгаа компаниудад ашигтай боловч импортын бараа хэрэглэж байгаа иргэдэд сөргөөр нөлөөлөх юм. Монголбанк мөнгөний бодлогоо “Эрэлт нийлүүлэлтээр удирдана, ханш чөлөөтэй байна” гэж заасан байна. Энэ нь валютын ханшийг улам бүр өсгөх магадлалтай тул Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг дахин хөндөнө.

Намрын чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хэлэлцэнэ. Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдэх ёстой Зөрчлийн хууль руу шилжүүлсэн байна. Энэ нь хүн гүтгэж сурсан  “Шар сонин” цэцэглэх нөхцлийг бүрдүүлнэ” гэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ