МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Мандалговь хотын иргэдтэй уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-21 22:01:12
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар өнөөдөр үдээс хойш Дундговь аймгийн сонгогчидтой уулзлаа. Түүнийг сонгогчид Мандалговийн төв талбайд алга ташин халуун дотноор угтсан юм.
Нэр дэвшигч С.Ганбаатар “Өөр гарц байна. Бидэнд итгэ” уриатайгаар энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд ерөнхийлөгчөөр сонгогдвол шударга ёсыг тогтоож, бүх хүнд адил тэгш боломж олгох, төрд хяналт тавьж, хариуцлагын тогтолцоог бий болгох, уул уурхайн баялгийг ард түмэнд ашигтайгаар шийдэх зарчмаар ажиллана гэдгээ илэрхийлж байна. Тэрээр “Оюутолгойг ард түмэндээ ашигтай байлгах гарц бий. Цалин, тэтгэвэр нэмж, залуучуудаа жлын байр бий болгох гарц ч бас бий. Монгол улс шударга ёсыг тогтоосон цагт босно. Үүнийг засах гэж би олон жил ард иргэдтэйгээ хамтдаа тэмцсэн. Одоо бид хамтдаа дээрээс нь шүүрдэх цаг болсон. Шатыг доороос нь биш дээрээс нь шүүрддэг юм” гэлээ.
Тэрээр сонгуульд өрсөлдөж буй мөрийн хөтөлбөрөө “Их аяныг эхлэхүй” хэмээн нэрлэсэн байна. Хариуцлагатай засаглалыг буй болгож, ажилгүйдэл ядуурлыг арилгана, Олигархиуд ба оффшорчдыг хазаарлаж, шударга ёс тогтооно, Ард түмний амин эрх ашгийг дээдэлж, үндэсний эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэнэ, Монгол хүн болж төрснөөрөө бахархаж, Монголынхоо төлөө зүтгэнэ, Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн, Монгол хүн Монгол эх орныхоо эзэн нь байна, Ам ба ажил, үг ба үйл хэргийн нэгдлийг хангана, Эх орныхоо өмнө тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэнэ, Мянганы их бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэсэн 9 зорилтоор мөрийн хөтөлбөрийнхөө гол агуулгыг тодорхойлсон байна. Энэ бол миний чин сэтгэлийн есөн хүсэл, хийж хэрэгжүүлэх ёстой есөн гол зорилт мөн гэж тэрээр илэрхийллээ.
Нэр дэвшигч С.Ганбаатар сонгогчидтой хийсэн уулзалтынхаа үеэр ард түмэнтэйгээ хариуцлагын гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Энэ нь түүний зүгээс Монголын улс төрд бий болгож буй шинэ санаачлага гэдгийг тодотгоод ам, ажлын нэгдлийг хангаж ажилладаг Ерөнхийлөгч байна гэдгээ үүгээр илэрхийлж байна гэсэн юм.
Түүний ард түмэнтэй байгуулах хариуцлагын гэрээнд 9 зүйлийг тусгасан байна. Ард түмнийхээ дэмжлэгээр Төрийн тэргүүнд сонгогдсоны дараа уг гэрээнийхээ заалт бүрийг цаг хугацаа алдалгүй хэрэгжүүлж, жил бүр ард түмэндээ тайлагнана. Миний бие өндөр албан тушаалын төлөө зүтгээгүй зөвхөн ард түмнийхээ эрх ашигт нийцсэн үйл хэргийг бүтээхийн тулд энэхүү сонгуульд нэр дэвшсэн. Эдгээр ажлыг хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд 4 жилийн хугацаа хангалттай. Дахиж би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй хэмээв.
 
Т. Отгонтуяа 
 
 
Холбоотой мэдээ