Батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай нийтлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-02 09:15:51

УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 41 дэх дугаар хэвлэгдэн гарчээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Протокол соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг тус тус нийтэллээ. Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталжээ.

Мөн эмхэтгэлээс Өршөөл үзүүлэх тухай хуульд  ямар нэмэлт, өөрчлөлт оруулсныг эмхэтгэлийн шинэ дугаараас мэдэх боломжтой.

Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ. Энэ бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд улсын дотоод, гадаад аюулгүй байдлын орчин нь батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болох аж. Бодлогын баримт бичгээр батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах бодлогын улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, эрх зүйн чиглэлийг  тус тус тогтоож өгсөн байна. Тухайлбал, бодлогын эдийн засгийн чиглэл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангаж, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд, Монгол Улсын хүний хөгжил нь батлан хамгаалах бодлогын нийгмийн чиглэлийн үндэс мөн болохыг, бодлого нь батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндэс бөгөөд олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлахад харгалзана гэжээ. Түүнээс гадна төрийн цэргийн байгуулал, зэвсэгт хүчний үүрэг, түүнийг хөгжүүлэх чиглэл ямар байх зэргийг тогтоож өгсөн байна.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Хуулийн төсөл буцаах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг тус тус нийтлэв.

Мөн түүнчлэн, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ