Хепатитын B,C вирусын илрүүлэг шинжилгээнд 7200 хүн хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-20 12:04:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод оршин суудаг 40-65 насны 334360 иргэнийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. 
 
Энэ хүрээнд нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд тус илрүүлэг шинжилгээ  үргэлжилж байгаа юм.
 
Өнгөрөгч долоо хоногийн байдлаар буюу энэ сарын 15, 16-нд нийслэлийн хэмжээнд 7262 хүн тус шинжилгээнд хамарчээ. Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ард иргэдэд сурталчлан таниулж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, сургалт зөвлөгөөг хүргэх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж эхлээд байна.
 
Энэхүү нээлттэй өдөрлөгийг Налайх дүүрэгт энэ сарын 14-нд, Багануур дүүрэгт 15-нд, Чингэлтэй дүүрэгт 16-нд, Баянзүрх дүүрэгт 19-нд зохион байгуулсан бол Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Б.Цэрэндоржийн талбайд өнөөдөр, энэ сарын 21-нд Баянгол, 22-нд Сонгинохайрхан, 23-нд Хан-Уул дүүрэгт тус тус зохион байгуулах юм. 
 
Дашрамд дуулгахад, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй хепатитын В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай.

Ж.Болор
Холбоотой мэдээ