Нүүдэлчдийн наадмаар хоточ банхарыг сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-19 22:03:54
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт ирэх долдугаар сард болох Нүүдэлчдийн соёлын наадмын нэг гол сурталчилгаа нь нүүдэлчдийн хоточ банхар байх ажээ.
Завхан аймаг 2015 онд “Завхан нутгийн 81 гайхамшиг” номондоо Отгон сумын цэвэр үүлдрийн хоточ банхарыг онцлон дурьдсан байдаг. Тиймээс нүүдэлчдийн соёлын наадмын нэг үзүүлбэр нь хоточ банхарыг сурталчлах үзүүлбэр байх юм байна. Нүүдэлчдийн амин сүнс болсон хоточ банхарыг Монголчууд хүний дотны туслагч, үнэнч нөхөр гэж хүндэтгэн үржүүлж, ан хийлгэх, мал хариулах, эд зүйл хамгаалуулах зэрэг ажилд өргөн ашиглаж ирсэн уламжлалтай билээ. Монгол Банхар ОХУ-ын Сибирь, Тува, Эрхүү мужийн зарим хэсэг, Буриадын Чит муж Агинский, Усть-Ордын тойрог, Казахстаны Семипалатинск, Өвөрмонгол, Төвдөд тархсан байдаг аж.  
Чулуун зэвсгийн үетэй холбогдох хад, агуйд нохой, нохой дагуулсан анчныг дүрсэлсэн сүг зураг Монгол нутагт ихээхэн тохиолддог ба энэ нь агуйгаар гэр орноо хийж байсан эртний хүмүүст нохой ойр дотно байсныг гэрчилдэг. АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд DНК-гийн өөрчлөлтийг судалсны үндсэн дээр чононоос нохой үүсэх явц ойролцоогоор 135 мянган жилийн өмнө явагдсан гэж тогтоосон бол дэлхийн хамгийн эртний буюу 33 мянган жилийн настай нохойн яс Алтайн нуруунаас олдсон байдаг. Мөн Монгол нутагт 12 мянган жилийн тэртээд нохойг гаршуулсан үеийг харуулсан хадны сүг зураг Увс аймгийн Сагил суман дахь Можоогийн хаданд бий. Судлаачид энэ зургийг хүй нэгдлийн буюу Мезолитын үеийн хосгүй үнэт өвийн нэг гэж үздэг байна. 
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ